С.Амарсайхан: Бид ямар ч үед хүүхэд багачуудынхаа ирээдүйд зориулах хөрөнгө оруулалтаас гар татах учиргүй

2019-09-01 13:49:36

Өнөөдөр “Хичээлийн шинэ жилийн баяр” буюу есдүгээр сарын 1-ний өдөр. Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Нийслэлийн Ерөнхий боловсролын 72 дугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан оролцож, 2019-2020 оны хичээлийн шинэ жилийг багш сурагчид болон эцэг эхчүүдийн хамт угтлаа.

Хичээлийн шинэ жилийн нээлтийн өмнө Хотын Захирагч Хайлаастын эцсээс нийслэлийн ЗДТГ-ын явуулын ажлын байрны автобусаар 72 дугаар сургуулийн сурагч хүүхдүүдтэй хамт хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээнд оролцохоор сургууль дээр нь хүрэлцэн ирэв. Энэ үеэр Хотын захирагч сурагч хүүхдүүдтэй нээлттэй ярилцан, санал сэтгэгдлийг сонслоо. Сурагч хүүхдүүдийн зүгээс алслагдсан хорооны гудамж талбайд гэрэлтүүлэг тавих, сургуулийн автобустай болох зэрэг саналуудыг хэлснийг Хотын Захирагч судалж үзэн боломжтой хэлбэрээр шийднэ гэдгээ илэрхийлэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хичээлийн шинэ жилийн арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Айл гэрийн аз жаргал, улс орны  ирээдүйн эзэд болсон эрхэм хүндтэй дүү нартаа, хүүхэд багачууддаа хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе. Мөн хүүхэд багачуудын сургаж хүмүүжүүлэх гэгээн үйлсэд хөдөлмөр зүтгэлээ зориулж байгаа нийт багш, сурган хүмүүжүүлэгч болон боловсролын салбарын ажилтан, албан хаагчидад ажлын өндөр амжилт хүсье.

Нийслэлийн хэмжээнд 2019-2020 оны хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн 695 цэцэрлэгт нийт 124.300 гаруй хүүхэд хүмүүжиж, сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт 84 хувьд хүрлээ. Мөн нийслэлийн ерөнхий боловсролын төрийн болон төрийн бус өмчийн 253 сургуульд нийт 294 мянган хүүхэд суралцахаас нэгдүгээр ангид 38.200 гаруй хүүхэд шинээр элсэн ороод байна. Цаашдаа боловсролын системийг улам боловсронгуй болгох, багш, сурган хүмүүлэгчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх талд анхаарч ажиллана. Хүүхэд багачууддаа эрүүл, аюулгүй орчинд амьдарч, сурч боловсрох орчныг бүрдүүлэхийн төлөө сургуулийн автобустай болгох ажлыг судалж байна. Бид ямар ч үед хүүхэд багачуудынхаа ирээдүйд зориулах хөрөнгө оруулалтаас гар татах учиргүй. Мөн сурагчдын эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох нөхцлийг бүрдүүлэх, тэднийг хичээлдээ ирэх, хичээлээс гэртээ харих үеийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой асуудалд анхаарч ажиллах болно” хэмээлээ.

Хотын захирагч С.Амарсайхан эрдмийн  алтан босгыг алхан орж буй Д.Хишигдалай багштай 1ё ангийн зургаан настай бяцхан сурагчидтай уулзан, баярын сэтгэгдлийг нь хуваалцан, гарын бэлэг гардуулж, эрдэм номтой улс эх орондоо ихийг хийж бүтээх зөв иргэн болж төлөвшихийг хүсэн ерөөж, сурах их үйлсэд нь амжилт хүслээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс