Газрын биржийн арилжааг гар утсаараа удирдах боломж хэн бүхэнд нээгдлээ

2019-07-30 16:14:33

Монгол Улсын хүн амын тал хувь нь амьдарч буй нийслэл хотод тулгамдаж буй асуудлууд цөөнгүй бий. Хэт төвлөрлийг сааруулах, хүн амын суурьшлыг багасгах, газар зохион байгуулалтыг зөв менежменттэй хийх зорилгоор дагуул хотуудыг хөгжүүлэхээр хотын удирдлагууд зорин ажиллаж буй. Толгойны өвчин болсон олон асуудлуудыг нэгэн зэрэг шийднэ гэдэг бүтэхгүй боловч эхнээсээ зарим нэгэн асуудалтай холбоотой шийдэл гарцуудыг хэрэгжүүлж эхлээд байна. Энд юун тухай ярих гээд байна гэж үү? Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав” дахь салбарт нээлтээ хийж, иргэд, олон нийтэд үйлчилж эхэлсэн “Газрын биржийн цахим төв”-ийн тухай энд ярьж байгаа юм. Газрын наймаатай холбоотой асуудал хэзээнээс л нийслэлчүүдийн  бухимдлыг дагуулсаар ирсэн. Газар эзэмших, өмчлөх асуудлууд авлига хээл хахуулийн гол “үүр уурхай” болж, газрын харилцаатай холбоотой мэдээлэл нь нээлттэй, ил тод биш байдгаас болж газар давхардуулж олгох, хуурамч гэрчилгээ эзэмшүүлэх гэх мэт зөрчил тасардаггүй.

Тэгвэл одоо газрын харилцаатай холбоотой бүхий л мэдээлэл иргэдийн өмнө “шилэн” болж байна. Газрын биржийн цахим системээс иргэд газар өмчлөх, эзэмших эрхийн дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтыг цахим хэлбэрээр түргэн, шуурхай, ил тодоор зохион байгуулах, газрын барьцаа, түрээсийн бүртгэл хийх, газрын зах зээлийн үнийн мэдээллээр иргэдэд үйлчлэх зэргээр газартай холбоотой бүхий л мэдээ, мэдээллийг харах боломж бүрдэж байгаа юм.

Газрын биржийн цахим систем https://www.mle.mn/-д олон нийт гар утас, таблет, компьютер  ашиглан байршил, цаг хугацаанаас үл хамааран холбогдох боломжтойгоос гадна ашиглахад хялбар, ойлгомжтой байдлаар хөгжүүлээд буй. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотод байгаа хүн Баян-Өлгий аймагт зохион байгуулагдаж байгаа газар эзэмших эрхийн дуудлага худалдаанд оролцох боломжоор хангаж өгснөөрөө давуу талтай гэсэн үг.

Мөн энэ төвөөр дамжуулан Газрын биржийн цахим системээр явагддаг бүх үйлчилгээг иргэдэд хүргэхээс гадна:

  • Лавлах үйлчилгээний нэгдсэн систем “Call center” /77771285/-ээр газар өмчлөх, эзэмших, ашиглахад бүрдүүлэх материалын жагсаалт, газрын төлбөр төлөх дансны дугаар, үзүүлж буй үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллээр хангаж мессенжэр болон СМС лавлагаа үйлчилгээ авах боломжтой
  • “Гэрэгэ киоск” үйлчилгээгээр Газрын гэрчилгээний хураамж, кадастрын зургийн үнэ, барьцаа бүртгэх хураамж, дуудлага худалдааны дэнчин төлөх, газар эзэмших, ашиглах эрх олгосон захирамжийн лавлагааны үнэ төлбөр гэх зэргийг цаг алдаж, ийш тийшээ явалгүй төлөх боломжийг нэг дор олгож байна.

Бид нэгэнт технологийн эрин зуунд амьдарч байгаа учраас уг системд зориулсан гар утасны аппликейшнийг ч мөн хөгжүүлж байгаа аж. “Газрын биржийн цахим систем” аппликейшн удахгүй хэрэглээнд нэвтэрснээр та гар утаснаасаа газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтад оролцох боломжтойгоос гадна газартай холбоотой бүхий л мэдээ, мэдээллийг цаг алдалгүй харах боломж бүрдэх юм. Бүр тодруулбал, газрын биржийн арилжааг та гар утсаараа удирдана гэсэн үг.

Газрын асуудлыг иргэдэд нээлттэй, шилэн болгох асуудлыг одоогийн хотын Захирагч С.Амарсайхан НИТХ-ын дарга байх үеэсээ л хөндөн ярьж, иргэд олон нийт, салбарын бүх төлөөллийг хамруулсан “Газрын харилцаа” сэдэвт томоохон хэлэлцүүлэг хүртэл зохион байгуулж байв. Яавал газрын харилцааг ил тод, нээлттэй, олон нийтэд тэгш хүртээмжтэй болгох вэ гэдэгт тал талын төлөөлөл байр сууриа илэрхийлж, хамтдаа гарц гаргалгаа, шийдлийг эрэлхийлж байсан хэлэлцүүлгийн үр дүн өдгөө гарч, Монгол Улсын хэмжээнд  Газрын цахим бирж үйл ажиллагаагаа эхлүүллээ. Мэдээлэлд ойр хүн хождог учраас газрын харилцаатай холбоотой мэдээ мэдээлэл ил тод нээлттэй болно гэдэг иргэд, олон нийтэд хамгийн ашиг тустай гэсэн үг буюу.