Гамшгийн эсрэг хамтдаа

2017-01-12 08:51:06

...Нэгэн сармагчин дэгдээхэй олжээ. Харахаас хайр хүрэм тэр амьтнаа атгаж энхрийлсээр үхүүлчихэж гэнэ ээ...

Сармагчингийн энэ түүх зөвхөн хайрласнаар  бүхнийг шийдэхгүйг илэрхийлж байна. Хайр дээр ухаан нэмэгдэж байж амьдрал үргэлжилдгийг энгийнээр өгүүлсэн сургамжит түүхийг монголчууд бид дөрвөн уулын дундаа давтсаар байна. Монгол хүн өргөн уудам газар нутагтаа дөрвөн цагийн эргэлтэд дураар нүүдэллэх эрхтэй, амьдран суух газраа өөрөө сонгох боломжтой болгосноороо дэгдээхийний хувь заяаг оноож орхив. Төр засаг нь ч Үндсэн хуулиндаа хамгийн түрүүнд зарлан тунхагласан амьд явах, эрүүл аюулгүй орчинд аж төрөх эрхийг илүү чухалд  тооцоогүйгээ хожуу боловч ухаарлаа.

Алдааг залруулах боломжийг бүгдээрээ эрэлхийлж эхэллээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд А/17, А/18 тоот захирамж гаргаж /2017.01.09/, Улаанбаатар хотыг бүсчилэн хувааж, яндангүй бүсийг тогтоогоод зогсохгүй нийслэл рүү чиглэсэн нүүдлийг 2018.01.01-нийг хүртэл хориглолоо. Түүхэн гэж тодотгож болох энэхүү захирамжийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/ хэлэлцэж, зөвлөмж гаргалаа. ҮАБЗ-ийн 2017 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн “Нийслэлийн агаар, орчны бохирдлын тухай” 03/03 тоот зөвлөмж нь УИХ, Засгийн газар, аймаг нийслэлийн ИТХ-д хаяглагдан гарсан бөгөөд Улаанбаатар хотын агаар, ус, хөрсний бохирдол гамшгийн төвшинд хүрснийг зарлажээ. Тиймээс онцгой байдлын горимоор ажиллах, гамшгийн бүс тогтоож хориглох зүйлсийг гаргах, нүүлгэн шилжүүлэх, нөхөн сэргээх, дахин төлөвлөх үйл ажиллагааны эрхзүйн орчинг сайжруулж холбогдох хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулахыг онцлон заасан байна.

Гамшиг гэх энэ үг монголчууд бидэнд танил биш. Гамшгийн нөхцөлд ойр мөддөө  ажиллаж, амьдраагүй болохоор  хэт сүржин тодотгол мэт санагдаж ч болох. Гэвч өнөөдөр /2017.01.11/ Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж  “Эхийн хэвлий дэх ураг үгүй болох хэмжээнд хүрсэн энэ нөхцөл байдлыг гамшиг гэхгүй юм бол юуг гамшиг гэх вэ” хэмээн өгүүлсэн нь чухам үнэнийг цөөн үгээр тодорхойлсон хэрэг болов. Нэгэнт байдал иймд хүрсэн болохоор гамшгийг даван туулахын төлөө хамтдаа хичээх цаг ирлээ. Юун түрүүн төрийн захиргааны төв байгууллагууд, төмөр зам, их дээд сургуулиуд, тэдгээрийг дагасн байгууламжуудыг нүүлгэн шилжүүлэх эрхзүйн орчинг бүрдүүлэхийг УИХ-д зөвлөсөн байна.

Агаарын бохирдол ганцхан Монголын асуудал биш. Дэлхийн олон оронд гамшиг дагуулсан агаарын бохирдлоос болж, жил тутам Монголын хүн амаас ч давсан /3,7 сая/ хүн агаарын бохирдлын улмаас амь насаа алдаж байна. Тэдний 88 хувь нь бага дунд орлоготой улс орны иргэд ажээ. Монголын хувьд ч ялгаагүй олон зуун хүн агаарын бохирдлын золиос болж байгаагийн дотор нялх балчир хүүхдүүд зонхилж байна.

Улаанбаатар хотын агаарын бохирдлын 80 хувь нь 198 мянган гэр хорооллын айл өрх, 3200 орчим нам даралтын зуух, 10 хувь нь 439 мчнга орчим автотээврийн хэрэгслээс ялгарах хорт утаа, тоос, зургаан хувь нь дөрвөн том цахилгаан станц, дөрвөн хувь нь хог, шороо, хөрсний бохирдлоос үүдэлтэй юм байна. Агаар бохирдуулагчдаас хмгийн аюултай нь нарийн ширхэглэгт тооцсонцор РМ-2.5 бгаад диаметр нь маш бага тул уушгины гүнд нэвтрэн орж хавдар үүсгэх аюултай гэдгийг мэргэжилтнүүд тогтоожээ. Агаарын бохирдол нийслэлийн хүн амын нийт нас баралтын 9,2 хувь, уушгины хавдрын 39,9 хувьтай нөлөөлж буй юм. Хүүхдийн амьсгалын замын өвчлөлд 24,1 хувиар нөлөөлж байгаа бол ургийн гаж хөгжил, зулбалт өвлийн улиралд зуныхаас 3,6 дахин их байгаа нь үнэхээр түгшүүр төрүүлэм.

Нөхцөл байдал ийм байгаа учир нийслэлийг хүн амьдрахад аюултай орчин болсон гэдгийг албан ёсоор зарлаж, гамшигт нөхцөлд тохирсон онцгой горимоор ажиллахаар боллоо. Улаанбаатар утаанбаатар болсон гэдгийг албан ёсоор зарласан нь хамгийн чухал бөгөөд эхний алхам юм. Өдгөө нийслэлчүүд бид эрх ямба, эд хөрөнгө хүсэмжилсээр сармагчингийн хайр даалгүй үхсэн дэгдээхийний үлгэрт орчихоод байгаагаа ямартай ч ухаарлаа. Багахан хатуурхал ч хайрын илрэл гэдгийг мэдсэн болохоор гамшгийн эсрэг хамтдаа тэмцье. Нэг ч гэсэн айл өрх түүхий нүүрс түлэхээс татгалзаж, дэвшилтэт түлш сонгож гэмээнэ элгэн түмнийхээ төлөөх их хайрын илрэл болох нь. Хичнээн ядарлаа ч дугуйны хаймар /пакрышка/, тос нэвчсэн тоосго түлэхгүй болж гэмээнэ үр хойчийнхоо төлөөх өгөөмөр сэтгэлийн илрэл болох билээ. Утаа хэмээх гамшгийг та бид өөрсдөө бий болгосон. Тиймээс арилгах арга нь ч бидний гарт, сэтгэл зүрхэнд бий, бүх зүйлс та бидний хүсэл зоригоос хамаарна. Гамшгийн эсрэг хамтдаа тэмцье.