Үерт автсан айлуудын хохирлыг барагдуулахаар боллоо

2013-06-10 00:00:00
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Шувуун фабрик болон Өлзийт хорооллын иргэдтэй уулзлаа. Хэдхэн хоногийн өмнө орсон борооны улмаас Өлзийт хороолол, Шувуун фабрикийн 5 дугаар багийн газар нутагт үер болж газар тариалан эрхэлдэг айл өрхүүдийн тариалангийн талбай ихээр сүйдэж, тарьсан ногоо, мод ургамал усанд автаж,  тэр хавийн зарим  айл өрх орох оронгүй болсон байна. Тиймээс Засаг дарга үүссэн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцаж, иргэдийн санал бодлыг сонссон юм. Тэдний зарим нь өмссөн хувцастайгаа үлдсэн бол зарим нэг нь гэр дотроо явах боломжгүй болтлоо шаварт автаж, бохир нь хальсан байдалтай байгаагаа хотын даргад дуулгаж байлаа. Хотын дарга “Үерийн улмаас үүссэн хохирлын хэмжээг тогтоож,гарсан хохирлыг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс  барагдуулахыг холбогдох албаныханд үүрэг болголоо. Уулзалтын үеэр “Биокомбинат, Шувуун фабрик, Өлзийт хороололд зам тавих ажлыг эхлүүлсэн байгаа. Бид үүнийг 11 сард багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна.Зам дагаж хөгжил ирнэ гэдэг. Та бүхний хүсэлтийн дагуу сургууль, цэцэрлэгийн хүүхэд зөөх автобус, нийтийн тээврийн асуудал шийдэгдэх боломжтой болох юм”гэж Нийслэлийн Засаг дарга хэллээ. Хот байгуулалтыг Биокомбинат, Шувуун фабрикруу чиглүүлэн 600 мянган хүн амьдрах, хөдөө аж ахуй хосолсон суурьшлын шинэ хот болгохоор төлөвлөж байгаагаа хотын дарга дуулгаад гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар танилцуулсан. Шувуун фабрик, Өлзийт хорооллын иргэдэд газраа шинэчлэн зохион байгуулах, дахин төлөвлөх, газраа худалдах гэсэн санал дэвшүүлсэн бөгөөд үүнийг сонссон иргэдийн ихэнх нь эхний 2 хувилбарыг сонгож байсан юм. Түүнчлэн тэр хавийн айл өрх бүрт тулгарч буй гол асуудал нь карьерыг үйл ажиллагааг зогсоосон ч шөнө дөлөөр шороо татуулан явж, том оврын автомашинууд дуугараад унтуулдаггүй, шөнө өдөргүй том машинууд сүлжилдсэнээс болж тоос шороо ихээр босч, эрүүл амьдрах нөхцөлгүй болсон гэдгээ хэлж байлаа. Хариуд нь хотын дарга “Бүтээн байгуулалтын ажил хайрга, дайргагүйгээс урагш явахгүй зогсоход хүрээд байгаа учраас оршин суугч та бүхнээс карьерын үйл ажиллагааг нээж өгөхийг хүсэж байна. Карьерыг нээсний дараа шөнийнцагаар ажиллуулахгүй байхын зэрэгцээ тусгай замаар явуулна гэдгээ хэлсэн юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.