Түрүүлж, айрагдсан морьдын цолыг дуудаж, шагнал гардууллаа

2019-07-12 18:33:15

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд түрүүлж, айрагдсан морьдын цолыг дуудаж, шагналыг гардуулан өглөө.

Шагналыг МУ-ын шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын дарга Ө.Энхтүвшин, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга С.Амарсайхан, НЗДТГ-ын дарга, үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга Э.Содномжамц, Батлах хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, Бригадын генерал, Хурдан морины салбар хорооны дарга Х.Батбилэг, НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, Хурдан морины салбар хорооны орлогч дарга, хурандаа Ж.Болдбаатар нар гардуулан өглөө.

Энэ жилийн хурдан Азарганы уралдаанд 228 азарга бүртгүүлснээс 163 нь уралдсан байна. Түрүү магнайд Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат МУ-ын Тод манлай уяач О.Батбилэгийн уяж, уралдуулсан зээрд халзан зүсмийн азарга, аман хүзүүнд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат аймгийн алдарт уяач Н.Баттөмөрийн сартай хонгор зүсмийн азарга орсон байна. Түүнчлэн Улаанбаатар хотын ХУД-ийн уяач П.Мөнхтулгын уяж, уралдуулсан бор зүсмийн азарга гурваар, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын харьяат Д.Эрдэнэбатын уяж, уралдуулсан мөлүү хул зүстэй азарга дөрвөөр, Архангай аймгийн Хотонт сумын харьяат уяач Д.Лхагвасүрэнгийн уяж, уралдуулсан хар зүсмийн азарга айргийн тавд хурдалжээ.

Их насны уралдаанд 365 морь бүртгүүлснээс 271 нь 24 км-т уралдлаа. Завхан аймгийн харьяат МУ-ын Тод манлай уяач Т.Галбадрахын бор зүсмийн морь түрүү магнайд хурдалсан бол аман хүзүүнд Завхан аймгийн Завханмандал сумын харьяат Ц.Мөнххуягийн цавьдар зүсмийн морь орж ирсэн юм. Айргийн гуравт Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат МУ-ын алдарт уяач Х.Бадамсүрэнгийн уяж уралдуулсан элбэг хээр зүсмийн морь, айргийн дөрөвт Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат уяач Н.Баттөмөрийн уяж, уралдуулсан хар зүсмийн морь, айргийн тавд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат МУ-ын тод манлай уяач Д.Ганбаатар зээрд зүсмийн морь орлоо.

Соёолон насны уралдаанд 247 соёолон бүргүүлснээс 155 нь нийт 22 км-т уралдлаа. Түрүү магнайд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уяач Д.Очирсүрэнгийн зээрд зүсмийн үрээ, аман хүзүүнд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уяач С.Баярсайханын бор халиун зүсмийн үрээ, айргийн гуравт Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уяач Ч.Махбалын хүрэн зүсмийн үрээ, айргийн дөрөвт Булган аймгийн Сайхан сумын харьяат уяач С.Нямжавын сартай хээр зүсмийн үрээ, айргийн тавд Увс аймгийн Тэс сумын харьяат, уяач Ц.Дамдиннямын цоохор зүсмийн үрээ хурдаллаа.

Хязаалан насанд 298 үрээ уралдахаар бүртгүүлснээс 184 нь уралдаж, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат, уяач Д.Даяндэмидийн хонгор зүсмийн үрээ, аман хүзүүнд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат, уяач Д.Мөнхбатын зээрд зүсмийн үрээ, айргийн гуравт Баянхонгор аймгийн харьяат, уяач Н.Баттөмөрийн хүрэн зүсмийн үрээ, айргийн дөрөвт Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн харьяат уяач Т.Цогбадрахын зурвас цавьдар зүсмийн үрээ, айргийн тавд Төв аймгийн Баян сумын харьяат Б.Нямжавын хээр зүсмийн үрээ хурдаллаа.

Шүдлэн насанд 350 үрээ бүртгүүлснээс 236 шүдлэн 14 ъм-т уралдахаар гараанаас гарч, түрүү магнайд Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат, уяач Г.Ганбаярын хар зүсмийн үрээ, аман хүзүүнд Төв аймгийн Баян сумын харьяат, уяач Б.Нямжавын хар зүсмийн үрээ, айргийн гуравт Төв  аймгийн Угтаалцайдам сумын харьяат, уяач Г.Гантулгын зээрд халзан зүсмийн үрээ, айргийн дөрөвт Завхан аймгийн Цагаанчулуут сумын харьяат, МУ-ын алдарт уяач Б.Баярдоржийн хар зүсмийн үрээ, айргийн тавд Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат, уяач О.Амгаланбаатарын хээр алар үрээ хурдалсан байна.

Энэ жилийн улсын их баяр наадмын хурдан дааганы уралдаанд 284 дааг уралдахаар бүртгүүлснээс 177 нь гараанаас гарч 11 км-т уралдлаа. Түрүү магнайд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харьяат, аймгийн алдарт уяач Г.Чинзоригийн халтар зүсмийн даага, аман хүзүүнд Архангай аймгийн Хотонт сумын харьяат, уяач Д.Лхагвасүрэнгийн халиун зүсмийн даага, айргийн гуравт Дорнод аймгийн Халхгол сумын харьяат, аймгийн алдарт уяач С.Батмөнхийн хээр зүсмийн даага, айргийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, уяач Ж.Эрдэнэбатын хүрэн халзан даага, айргийн тавд Төв аймгийн Баян сумын харьяат, уяач Б.Нямжавын хул зүсмийн даага хурдаллаа.

Энэ жилийн дааганы баян ходоодод Архангай аймгийн Хайрхан сумын уяач Г.Батбаярын уяж, хурдлуулсан Сартай хүрэн зүсмийн даага орлоо.