Налайх дүүргийн хөгжлийн шинэ үе эхэллээ

2013-06-07 00:00:00
Гэр хорооллын дахин төлөвлөлт Налайх дүүрэгт түүчээлж байна. Цагтаа Улаанбаатар хотыг дулаан, цахилгаанаар хангаж, уурхайчдын өлгий нутаг гэгддэг Налайх дүүрэг Дани улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар цэвэрлэх байгууламжаа бүрэн шинэчлэхээр болсон бол хоёр сарын өмнө барилгын материалын цогцолбор байгуулахаар холбогдох яамтай тохиролцоонд хүрч чаджээ. Тэгвэл өнөөдөр 6000 айлын “Шинэ-Налайх” орон сууцны хорооллыг сүндэрлүүлэх их бүтээн байгуулалтын ажлын эхлэл, шав тавих ёслол боллоо. Ёслолын ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн, нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал харицсан орлогч С.Очирбат, НИТХ-ын төлөөлөгчид, Налайх дүүрэг, “Тэлмэн Констракшн” ХХК-ны удирдлагууд, Налайх дүүргийн иргэд оролцлоо. Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны мөрийн хөтөлбөрийн дагуу Гэр хорооллын дахин төлөвлөлт, алслагдсан дүүргүүдийг дагуул хот болгон хөгжүүлэх ажлын эхлэл болж буй энэхүү бүтээн байгуулалтыг дүүргийн удирдлагууд, иргэдтэй харилцан тохиролцсоны дүнд “Тэлмэн констракшн” ХХК хийж гүйцэтгэхээр болсон юм.  “Шинэ–Налайх” цогцолборын хүрээнд 6000 айлын орон сууц, төмөр бетон хийцтэй 5, 9, 12 давхар барилгууд, Асфальтан хучилттай магистрал болон туслах зам, хүүхдийн цэцэрлэг, сургууль, эмийн сан, супермаркет, банкны салбарууд гээд нийгмийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэх юм. Шав тавих ёслолын нээлтийн үеэр нийслэлийн Засаг дарга “Сүүлийн 30 гаруй жил хөгжлийн асуудал нь орхигдож ирсэн Налайх дүүргийн хөгжлийн шинэ үе эхэлж байгааг та бүхэнд дуулгахад таатай байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд “Шинэ-Налайх” цогцолбор байгуулах ажил албан ёсоор эхэлж байна. Энэ ажлыг хийж гүйцэтгэх “Тэлмэн констракшн” ХХК-ны хамт олонд нийслэлийн болон, Налайх дүүргийн иргэдийнхээ өмнөөс гүн талархал илэрхийлье. Тус дүүрэгт  зөвхөн “Шинэ-Налайх” цогцолбор төдийгүй “Ахмадын орон сууц”, 80 бага сургуулийн хэсгийг барих ажил удахгүй эхэлнэ. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу тохилог, амины орон сууцтай болгох ажил ч өрнөнө. Ингээд бүтээн байгуулалтын ажил өрнөөд эхлэхээр ажлын байрны асуудал ч шийдэгдэнэ. Цагтаа дулаан, цахилгаанаар нийслэлийг хангадаг байсан бол удахгүй барилгын материалаар бүрэн хангадаг дүүрэг болох ажил эхэлсэн” гэж онцлон хэллээ.  “Шинэ-Налайх” цогцолборын ажил өнөөдрөөс эхэлж, эхний ээлжийн 300 айлын орон сууц, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, тоглоомын талбай бүхий гадна тохижилт, дулаан гражуудыг энэ ондоо багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна. Бүтээн байгуулалт ид өрнөж буй Налайх дүүргийн иргэд “Хөгжлийн шинэ үе эхэлж байгаад гүнээ талархаж байна. Сэтгэгдэл маш өндөр байна” гэдгээ илэрхийлж байсан юм. Ийнхүү гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил Налайх дүүрэгт амжилттай эхэллээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.