Орон нутгийн бонд гаргахад Дэлхийн банк тусална

2013-06-07 00:00:00
Нийслэлийн Засаг даргын  Санхүү Эдийн Засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа Дэлхийн банкны Хотын хөгжлийн мэргэжилтэн Мески Брайхемийг хүлээн авч уулзлаа.Уулзалтын үеэр Дэлхийн банкнаас “ Бондоо зах зээлд алдаа гаргалгүй зарж, борлуулахад туслалцаа үзүүлж, аргазүйн зөвлөгөө өгч ажиллах”-ыг нийслэлийн Засаг даргын орлогч хүслээ. Хүсэлтийн хариуд Дэлхийн банкны төлөөлөгч  Мески Брайхем  “Бонд гаргахад Улаанбаатар хотын хөрөнгө болоод хууль, эрх зүйн орчныг тодорхой болгож, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо, Эдийн Засгийн хөгжлийн яамтай хамтран ажиллах шаардлагатай. Түүнчлэн Дэлхийн банк Улаанбаатар хотын бонд гаргах санхүүгийн зохицуулалт, нийслэлийн өмч хөрөнгийг хэрхэн хамгаалах талаар санал бодлоо солилцон, хамтран ажиллахад бэлэн байна” гэдгээ хэллээ. Нийслэл хот анх удаа орон нутгийн бонд гаргахаар төлөвлөж,  бэлтгэл ажлаа хангаад байна. Ирэх жилээс бонд гаргах ажлыг шат дараалан зохион байгуулах юм. Дэлхийн банк “Төсвийн мэдээллийг ил тод ойлгомжтой болгох нь бонд борлуулж байгаа их хотуудад хэрэгжиж байгаа сайн жишиг юм.Та бүхэн энэ тал дээр анхааран ажиллаж байгаа нь сайн хэрэг гээд Төсөв болоод түүний зарцуулалт иргэд, олон нийтэд ил тод нээлттэй, ойлгомжтой байх ёстой, цаашид мэдээлэл технологийн салбар болон мэдээллийн системийг ашиглан төсвийн мэдээллийг байнга шинэчлэгдэж байхаар суулгавал иргэдэд хүртээмжтэй байх болно” гэдгийг хэллээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.