Бага сургуулийн эхний ээлж 12 сард ашиглалтад орно

2013-06-07 00:00:00
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээжит хуралдаан 2013 оны 6 сарын 6-нд болж, нийслэлд шинээр баригдах 80 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын төслийн танилцуулга, бага сургуулийн багш нарын урамшуулал, “Ахмадын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.

Нийслэлд шинээр баригдах 80 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын төслийг нийслэлийн Засаг даргын Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат танилцууллаа.
Өнөөдрийн   байдлаар   Улаанбаатар  хотын   хэмжээнд  цэцэрлэгт  хамрагдаагүй   31 300 гаруй хүүхэд байгаа бол,  цэцэрлэггүй 42  хороо байгаа юм. Түүнчлэн  сургуульгүй 31,  сургууль, цэцэрлэгийн аль аль нь байхгүй 14 хороо байдаг байна.  Улаанбаатар хотын хэмжээнд нийт 115 325 хүүхдийн сургууль, цэцэрлэг шаардлагатай байгаа бөгөөд энэ нь 240 хүүхдийн 220 цэцэрлэг, 640 хүүхдийн 97 сургууль нэмж барина гэсэн үг юм. Харин өнөөдөр нийслэлд  185 цэцэрлэг, 118 сургууль байгаа нь хэтэрхий хангалтгүй тоо гэж нийслэлийн Засаг даргын Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат онцоллоо.  Тиймээс цэцэрлэг бага сургуулийн тоог нэмэгдүүлж, хүүхдүүдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг сайжруулахын тулд  эхний ээлжинд  нийслэлийн 7 дүүргийн 86 байршилд  “Цэцэрлэг - бага сургууль”-ийн цогцолбор барих хэрэгцээ шаардлага байгааг хэлсэн юм.

НИТХ-ын 2013 оны 9/35 дугаар  тогтоолоор нийслэлд шинээр бага сургууль барих 83 байршлыг тогтоосон бөгөөд бага сургуулийг цэцэрлэгтэй хамт цогцолбор хэлбэрээр барихаар шийдвэрлэсэн билээ. Энэхүү шийдвэрийн дагуу төсөл боловсруулж БСШУЯ-нд танилцуулсан байна.  Төслийг Монгол улсын хөрөнгө оруулалтын дунд хугацааны хөтөлбөрт тусгуулжээ.  Гэхдээ бага насны хүүхдийг гэрээс нь холгүй, хамгийн холдоо 500 метрийн радиуст сургуульдаа явахаар тооцоход хотын төвийн 6-н дүүрэгт  бага сургууль цэцэрлэгийн 86 цогцолбор шаардлагатай байгаа юм. Төлөвлөж байгаагаар эдгээр цэцэрлэг, бага сургуулийг барьчихвал  хүртээмж 40-50%-иар  нэмэгдэх тооцоо байгаа юм.  Нийт баригдах шинэ цогцолборын цэцэрлэгт нийтдээ 10 320 хүүхэд, бага сургуульд нийт 20 640 хүүхэд хамрагдах боломжтой юм. Цэцэрлэг, бага сургуулийн  цогцолборыг гэрээс нь 500 метрийн радиуст барьснаар маш олон давуу талтай юм. Тухайлбал, хүүхдийн  аюулгүй байдал, сурч боловсрох орчин нөхцөл нэмэгдэхээс гадна замын хөдөлгөөний ачаалал 30 хүртэл хувиар буурах боломжтой гэж үзэж байна.

Одоо 126.0 мянган эцэг эх хүүхдээ цэцэрлэг, сургуульд хүргэж өгдөг гэсэн судалгаа байна. Оргил цагаар буюу цэцэрлэг, сургууль эхлэх, тарах үеэр нийтдээ 54 мянган  автомашин зөвхөн  цэцэрлэг, бага сургуулийн хүүхдийг хүргэж өгөхөөр замын хөдөлгөөнд оролцдог байна. Гэрээс нь 500 метрийн радиуст цогцолбор барьснаар 5-10 минут алхан хүүхдээ цэцэрлэг сургуульд нь хүргэж өгөх боломжтой болох юм.    Энэ нь 20.0 мянган машин хөдөлгөөнд идэвхитэй оролцохгүй болж, замын хөдөлгөөний ачаалал 30 хувиар буурах боломжийг бүрдүүлж байгаа юм.  Мөн 20.0 тэрбум төгрөгийн шатахуун хэмнэнэ гэдгийг ч албаныхан тооцжээ. 

Шинээр төлөвлөж байгаа бага сургууль цэцэрлэгийн  нэг цогцолборыг  1,5 тэрбум төгрөгөөр барина гэж тооцжээ. Хөрөнгө оруулалтын асуудлыг шийдчихвэл энэ ондоо багтаагаад 10-15 цогцолборыг ашиглалтад оруулах боломжтой бөгөөд Хөгжлийн банкны санхүүжилтээр шийдвэрлэх боломжийг судалж байгаа юм байна.Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд энэ асуудлыг хэлэлцээд хөрөнгө оруулалтын асуудлыг яаралтай шийдвэрлэж, төлөвлөсний дагуу эхний ээлжийн цогцолборуудыг ашиглалтад оруулах ёстой. Тиймээс Эдийн засгийн Хөгжлийн яам болон, Соёл шинжлэх ухааны яамтай хамтран шийдвэрлэхийг нийслэлийн Засаг даргын хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад үүрэг болголоо. Хөрөнгө оруулалтын асуудлыг шийдсэний дараа цэцэрлэг сургууль нэн хэрэгцээтэй байгаа хороодод эхний цогцолборыг барих ажлыг эхлэхийг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд үүрэг болголоо.
 
Нийслэл анх удаа бага ангийн багш нарыг мөнгөн шагналаар урамшуулна
 
Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль,  цэцэрлэгийн сургалтын чанар хүртээмжийн үр дүнг индексээр хэмжиж урамшуулдаг тогтолцоог бүрдүүлэх зорилгоор нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, нийслэлийн Ерөнхий боловсролын сургууль,  цэцэрлэгийн сургалтын чанар хүртээмжийн үр дүнг индексээр дүгнэх  журам баталсан юм.  Журмын дагуу төрийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн 11, 12 жилийн сургалттай сургуулиудын 5-р ангийн стандарт хэрэгжилтийн “Чанарын шалгалт”-ыг зохион байгуулжээ.  Шалгалтад 145 бүлэг өөрийн хүсэлтээр орсон бөгөөд нийт 4 760 сурагч хамрагдаж, Монгол хэл, Математикийн шалгалт өгсөн байна. Шалгалтын дүнг гаргахдаа хичээлийн гүйцэтгэлийн хувийн үзүүлэлтээр эрэмбэлж, эхний бүлгүүдийг шалгаруулжээ. Шалгаруулатад оролцсон хүүхдүүдийн шалгалтын гүйцэтгэлийг үндэслэн багш нарын оноог дүгнэсэн  бөгөөд хамгийн өндөр оноо буюу 80-аас дээш үзүүлэлттэй багшид  5 сая төгрөг, 75-80 хувийн үзүүлэлттэй багшид 3  сая төгрөг, 70-75 хувийн үзүүлэлттэй багшид 2 сая,  66-70 хувийн үзүүлэлттэй багшид 1 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгох удирдамж гарсан байна. Энэ дагуу нийтдээ шалгалтад хамрагдсан 5 дугаар ангийн багш нараас 50 багшийг шалгаруулан, нийтдээ нэг зуун сая төгрөгийн урамшуулал олгохоор боллоо. Энэхүү урамшуулал нь анх удаа бага ангийн багш нарт өгч байгаа хамгийн өндөр мөнгөн урамшуулал гэдгийг нийслэлийн Боловсролын газраас онцоллоо. 
 
Ахмадын орон сууц хөтөлбөрт хамрагдах иргэдийг сонгон шалгаруулах комисс байгууллаа
 
Нийгмийн тодорхой хэсэгт дэмжлэг үзүүлэх зорилготой “Ахмадын орон сууц” хөтөлбөрийг  НИТХ-аас баталсан билээ. “Ахмадын түрээсийн орон сууц”-ны хотхоныг 5 байршилд барихаар төлөвлөж байгаа бөгөөд эхний байрыг Сүхбаатар дүүргийн 11-р хороонд баригдсан 300 айлын орон сууц байна гэж төлөвлөжээ. Энэ тухай нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун “Удирдлагын зөвлөл”-ийн гишүүдэд танилцууллаа. Айл өрхийг түр суурьшуулах зорилгоор барьсан энэхүү 15 давхар 2 хос барилгын хамгийн жижиг өрөө нь 25,8 метр квадрат, хамгийн том нь 37,3 метр квадрат юм байна. Түрээсийн байранд амьдрах иргэд зөвхөн ашиглалтын зардлаа төлөн амьдрахаар тооцож байгаа бөгөөд цахилгаан, усны төлбөр гээд одоогийн мөрдөгдөж байгаа тарифаар тооцоход хамгийн том өрөөг түрээсэлж байгаа иргэн сард 92 мянган төгрөгийн зардал төлөх тооцоо гарсан байна.  Ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй, гачигдалтай иргэд, байгалийн давагдашгүй хүчин зүйлд орон гэрээ алдсан гээд нийгмийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай иргэдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор хэрэгжүүлэх “Ахмадын орон сууц” хөтөлбөрт хамрагдах иргэдийн 75 хувийг ахмад настан, 20 хувийг гачигдалтай иргэн буюу хөгжлийн бэрхшээлтэй, цалингаас өөр орлогогүй төрийн үйлчилгээний албан хаагч, залуу гэр бүл,  5 хувийг гал, үер гэх мэт хүчин зүйлээс болж орон гэрээ алдсан иргэдэд зориулахаар төлөвлөж, журам боловсруулсан байна. Журамд ахмадын орон сууц хөтөлбөрт хамрагдах иргэдийг сонгохдоо Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас ирүүлсэн өргөдлийн дарааллыг баримтлана гэж тусгасан байна.  

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцээд, “Ахмадын орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай нийслэлийн Засаг даргын захирамж гаргахаар боллоо. Захирамжаар хөтөлбөрт хамрагдах иргэдийг сонгон шалгаруулах комисс, сонгон шалгаруулах журмыг батлах юм. Мөн ахмадын орон сууцыг тусгай нөхцөлтэйгээр түрээслүүлэх гэрээний загварыг батална. Ахмадын орон сууцны эхний байр болгохоор төлөвлөж байгаа Сүхбаатар дүүргийн 11-р хороонд баригдсан 300 айлын орон сууцанд орох ахмад настан, иргэдтэй холбогдох журмын дагуу гэрээ байгуулахаар шийдвэрлэлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.