Их нүүдлийг зогсоох эрэмгий шийдвэр

2017-01-11 12:42:52

Үзээгүй юмаа үзсэн манайхан уржигдраас хойш цахим ертөнцөөр хоёр талцан “үхэр цам харайлгаж”, зарим нь бүр “Хөдөөнөөс ирсэн Батболд өөрөө орон нутаг руугаа тонил” хэмээн уурсаж байна. Улаанбаатар хотод байнга оршин суухаар ирэх иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 2018 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл зогсоох шийдвэр гаргаснаараа хотын дарга С.Батболд өмнөх мээрүүдийн асааж зүрхлээгүй “хэрүүлийн бамбар”- ыг өрдөж орхив.

Агаарын бохирдлоор дэлхийд толгой цохиж буй нийслэл хотыг толгойлж байсан үе үеийн удирдлагууд утааг бууруулах зорилгоор янз бүрийн ажил санаачилж, байдаг аргаа хэрэглэсэн ч үүн шиг “бөмбөг тэсэлсэн” нь ховор учраас аргагүй. Тун зоримог захирамж гарган, олны анхаарлыг өөр дээрээ татаж чадсан шигээ одоо харин хотын даргыг энэ зэргийн дайралтад сэтгэл зүйн бэлтгэлтэй байсан гэж найдъя.

Таны шийдвэрийн ард улсын маань нийслэлд аж төрж буй 1.4 сая монгол хүний эрх ашиг, эрүүл мэнд, амь нас, ирээдүйн тухай асуудал яригдаж байгаа учраас энэ байр суурин дээрээ гуйвж ганхалгүй, баттай зогсоорой гэж бас захья.

Японд цаг агаарын мэдээгээр нь “Бээжингээс PM 2.5 буюу хүний эрүүл мэндэд хамгийн их хортой нарийн ширхэглэгт тоосонцор бүхий агаар төд хоногийн дараа ирэх гэж байгаа тул маскаа бэлдэж, зүүгээрэй” гэж сэрэмжлүүлдэг тухай саяхан нэг танилаасаа сонсоод цочирдов. Тэгэхэд бид тэрхүү хорт утааных нь яг голомтод амьдарч байгаа хэрнээ ямар хүлцэнгүй улс вэ, яагаад загас мэт дуугүй яваад байгаа юм бэ гэж өөрийн эрхгүй бодоход хүрсэн юм.

Тэгээд бидний хийж чадах зүйл юу билээ гээд бодохоор миний, таны, бид бүгдийн хандлагаас их зүйл шалтгаалах юм шиг ээ. Одоо л гэхэд Улаанбаатар дахь яндангийн тоог цөөлж, агаарын бохирдлыг бууруулахын тулд хязгаарлалтын арга хэмжээ авах захирамж гаргангуут хүний эрх ярьж цээжээ дэлдсэн, “Хөдөө, хотын ялгаа гаргалаа”, “Үндсэн хуулиас дээгүүр давсан хотын даргын захирамж байж болдог юм уу” хэмээн гоморхох, уурсаж омогдох хүн бишгүй гарч байна. Дээрээс нь юухан дээр ч монголчуудын төрөлх занг өдөөн хатгаж, сэдрээгээд байдаг эх адаггүй улстөржилт нэмэгдэхээрээ бүр утгаа алдаж орхидог.

Энэ удаа тэгмээргүй байна, хүмүүс ээ. Таныг хөдөөнөөс Улаанбаатарт ирүүлэхгүй гэж “хөлийг тань тушсандаа” бус, таны хүүхдийн сурч, амьдарч буй энэ хотын хорт утааг жаахан ч болов багасгая гэсэндээ гаргасан шийдвэр юм шүү гээд бодоод нэг үзээрэй. Улаанбаатарт үр хүүхэд, ач зээ нараас нь амьдардаггүй нэг ч гэр бүл орон нутагт үгүй гэдэгт итгэлтэй байна. Тиймээс үр хүүхдийнхээ төлөө ядаж ганц жил “амаа хавчаад” тэсчих сэтгэл зүрх аав, ээжүүдэд байх байлгүй дээ.

“Бидний хувьд иргэдийнхээ эрхэнд халдсан шийдвэр гаргахыг хүсэхгүй байна. Гэвч гэр хорооллынхноос үүдэлтэй агаарын бохирдол улаанбаатарчуудын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчин, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээнд хүрсэн учраас ийм шийдвэр гаргахаас өөр аргагүй байлаа. Энэ шийдвэрийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл ч дэмжсэн. Мөн захирамжид дурдаагүй боловч шийдэх ёстой нэг асуудал нь машины утаа. Үүнийг цаашид үе шаттайгаар шийдвэрлэнэ” хэмээн С.Батболд дарга тайлбарлаж байна билээ. Зөв шүү дээ.

Эртхэн ингэх хэрэгтэй байсан юм. Ингэж хэллээ гээд хотын даргатай хамт хөтлөлцөөд Улаанбаатараас хөөгдөх байсан ч би энэ байр сууриа цээжээрээ хамгаална. Учир нь би ч хөдөөнөөс, тодруулбал, Архангайгаас ирээд, сургуульд сурч, өдгөө эндээ ажиллаж, амьдарч байгаа. Гэхдээ миний хувьд их хотынхоо хариуцлагатай иргэн нь байхыг хичээдэг. Миний эрх бусдын хамрын үзүүрээр хязгаарлагдана гэдгийг ч сайн ойлгодог. Өөрөө нэгэнт хотод байр сууриа олчихоод, одоо бусдыгаа цааш гэлээ гэж эндүүрэв зээ.

Надад ч бас энэ шийдвэрээс болоод “хохирсон” дүү байна. Хавар их сургуулиа төгссөн, мөдхөн Улаанбаатарт ирж, ажилд орох гэж байсан дүү минь одоо нийслэлийн иргэн болохын тулд нэг жил хүлээхээс өөр аргагүй болсон. “Хот орж, ямар ч хамаагүй ажил олж хийнэ дээ” гэдэг хүмүүсээс ялгаатай нь түүний ажил бэлэн байсан юм. Тэглээ гээд яалтай билээ. Цэл залуухан, эрүүл саруул дүүгээ захирамжид зөвшөөрсөнчлөн удаан хугацаанд эмчлүүлэх шаардлагатай өвчтөн болгож жүжиглэлтэй биш. Нэг хүний, хэсэг бүлгийн эрх нийтийн эрх ашгаар хязгаарлагддаг, олонхоо илүүд үзэж, тэднийг дагадаг ардчилсан нийгэмд бид амьдарч байгаа юм хойно дагахаас өөр замгүй.

“Монгол Улсын иргэн нь улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй” гэж Үндсэн хуульд заасныг түрээ барин, дур дурандаа авирласны горыг одоо нийслэлчүүд хангалттай амсаж байна. 1990-ээд онд Улаанбаатарын төвлөрлийг бууруулах үүднээс нийслэл хотод шилжин ирэгсдээс 50 мянган төгрөгийн хураамж авдаг байв. Гэтэл ХЭҮК-ынхон тэргүүтэй хэсэг нөхөд “Үндсэн хуулиар олгогдсон хүний эрхийг зөрчлөө” гэж хашгирсаар хураамжийг болиулж, Засгийн газрын 2002 оны 214 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын нутаг дэвсгэрт иргэн шилжин суурьших хөдөлгөөнийг бүртгэх, мэдээлэх журам”-ыг мөрдөхөөр болсон.

Үр дүнд нь зөвхөн 2004 онд гэхэд л 68 мянган хүн хөдөөнөөс шилжин орж ирсэн байдаг. Яван явсаар дөрвөн уулынхаа дунд багтаж шингэхээргүй болтлоо хот тэлчихээд байхад л хүний эрх гэж сүрдүүлэн далайлгасаар хөдөөгийнхөн нүүж ирдэг байв. Тэгсэн атлаа “эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох ёстой” хүүхдийн эрхийг, “эрүүл, аюулгүй орчинд амьдрах ёстой” монгол хүний, нийслэлчүүдийн эрхийг яагаад хэн ч хүндэтгэн үздэггүй юм бэ. Одоо л нэг зангарагтай шийдвэр гарч байхад алга ташин баярлах ёстой бус уу.

Гэхдээ бас нэг талаас Улаанбаатарт орж ирж байгаа хөл хөдөлгөөнийг хорихын зэрэгцээ хотоос хөдөө рүү буцаж буй хүмүүсийг урамшуулдаг тогтолцоо хэрэгтэй гэдэг саналыг бодолцох л учиртай. Энэ талаар хотын дарга “Хөдөөнөөс ирсэн иргэдийг орон нутагтаа буцаж очих хүсэлтэй байгаа, эсэхийг асуугаад, нутагтаа ажиллаж, амьдаръя гэсэн тохиолдолд тэрхүү боломжоор нь хангах тал дээр аймаг, нийслэлийн ИТХ-тай хамтран ажиллана” хэмээн байр сууриа илэрхийлжээ. Цаашид мөн Улаанбаатар хотын агаарын бохирдолд багагүй хувь нэмрээ оруулж буй нийтийн тээврийн хэрэгслүүдийг хувийнх, улсынх гэлтгүй хайбрид буюу хосолмол хөдөлгүүр болон хийгээр ажилладаг болгох шаардлага тавих юм гэсэн.

Агаарын бохирдлоос салъя гэвэл ингэж үндэсний хэмжээнд цогц арга хэмжээ авах хэрэгтэй. Ер нь тэгээд улсынхаа нийслэлд бүгдээрээ шаваад, угаартаж үхэх, эсэхээ үзэх гээгүй л бол ганц жил “хөл хорих” бус, 2020 оны нэгдүгээр сарын 1 хүртэл Улаанбаатарт шилжин ирэгсдийг хүлээж авахгүй байвал болох биш үү. Яг үнэндээ өдийд, өвлийн хүйтэнд гэрээ ачаалаад Улаанбаатарыг зорин ирж, утаа угаарт нэрмээс болох айл бараг үгүй.

Тиймээс ядаж хоёр жил дамнуулан энэ арга хэмжээг авбал их нүүдлийг зогсоон гамшигт утааг бууруулах эрэмгий шийдвэрийнхээ үр дүнг үзэх боломжтой байж мэдэх юм шүү. Шилжилт хөдөлгөөний прогнозоос харахад энэ хоёр жилд дор хаяж 50 мянган хүн нийслэлд нүүж ирэн, яндангийн тоо нэмэхээс “сэргийлэх” боломжтой юм билээ.