Болзошгүй гамшгийн судалгаа гаргах үүрэг өгөв

2012-09-07 00:00:00

             Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанд Нийслэлийн онцгой байдлын газар ажлаа танилцууллаа. Тус газрын дарга Х.Батбилэгийн танилцуулснаар жилд 8.4 тэрбум төгрөгийн төсөвтэй, үүний 90 хувийг цалинд, үлдсэн хувийг шатахуун болон бусад зардалд зарцуулдаг юм байна. Техникийн бэлэн байдлын төвшин 86.5 хувьтай байгаа ажээ. Хүн амын суурьшил нэмэгдэж байгаатай холбогдуулан шинээр гал унтраах ангиудыг байгуулах зайлшгүй шаардлагатай болсон байна. Олон улсад мөрддөг стандартаар бол 3.5 км-ийн радиуст нэг гал унтраах анги байдаг. Ялангуяа Улаанбаатар хотын хойд хэсэг буюу зуслангийн чиглэлд шинээр гал унтраах анги байгуулах шаардлага тулгарч байгааг Нийслэлийн онцгой байдлын газрын дарга илтгэлээ. Х.Батбилэг дарга Улаанбаатар хотын хэмжээнд байгаа 183 шатахуун түгээх станц, газар хөдлөлт, хүн, малын гоц халдварт өвчнийг  болзошгүй эрсдэлд тооцож байгаагаа хэлсэн юм. Үүнээс гадна “Шуурхай бүлэг 105”-д ирж байгаа дуудлагын дийлэнхийг ослын дуудлага эзэлдэг учраас эмнэлгийн бүрэн тоноглогдсон хоёр машин шаардлагатай байгааг нийслэлийн удирдлагуудад мэдэгдлээ. Нийслэлийн Засаг даргын Үйлдвэрлэл, экологийн асуудал хариуцсан орлогч Д.Пүрэвдаваа дэлхийн бусад орнуудын жишгээр онцгой байдлын мэдлэгийг ирэн бүрт өгдөг сургалтын систем нэвтрүүлэх цаг болсныг хэлсэн. Тусгай цэрэгжсэн байгууллага гэхээсээ илүү иргэн бүр онцгой байдлын үед ажиллах, анхан шатны тусламж үзүүлэх чадвартай байх нь илүү оновчтой бүтэц гэдгийг онцлон хэлэв. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл болзошгүй гамшгийн судалгааг нарийвчлан тооцож гаргахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болголоо. Тэрээр хэлэхдээ “Аюул гамшиг зөвхөн гуравхан зүйлээр хязгаарлагдахгүй цаг үед бид амьдарч байна. Иргэн бүрт онцгой байдлын мэдлэг  олгодог, сургалт судалгаа хийдэг тогтолцоо орох саналыг дэмжиж байна” гэв.  Онцгой байдлын албан хаагчдын нэг бүрийн хэрэгслийн хангамжийг сайжруулах, гамшгийн үеийн нөөц бүрдүүлэх тухай Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх талаар тодорхой санал боловсруулж, ажлаа сайжруулахыг Нийслэлийн онцгой байдлын газрын удирдлагуудад үүрэг болголоо.