Сүхбаатарын талбай баярын нэгдсэн арга хэмжээ 11 цагт эхэлнэ

2013-05-31 00:00:00
Маргааш тохиох “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-өөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Клиникийн 1-р амаржих газар, нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай  2-р амаржих газар, нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл 3-р амаржих газрын үйл ажиллагаатай танилцаж, баярынхаа өдөр мэндэлсэн нийслэлийн шинэ иргэнээ угтан авч, баярын бэлэг гардуулна. “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн нэгдсэн арга хэмжээ  Сүхбаатарын талбай дээр 11 цагаас эхлэх бол тус арга хэмжээг нийслэлийн Засаг дарга нээж үг хэлнэ. Энэ үеэр Монголын Сурагчдын холбоо, Хүүхдийн төлөө Үндэсний газраас зохион байгуулж буй 2000 хүүхэд оролцсон баярын парад, 1400 хүүхдийн Флаш Моб, “Байгалиар гоёдог миний гэр бүл” хүүхдийн зохиомжит хөтөлбөр, урлагийн тоглолт, хүүхдийн дууны уралдаан зэрэг олон төрлийн арга хэмжээ зохион байгуулагдах юм. Нэгдсэн арга хэмжээний нээлтийн ажиллагааны дараа нийслэлийн Засаг дарга нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас зохион байгуулсан “Мөрөөдлийн хот” гар зургийн уралдаанд ирсэн  бүтээлүүдээр Монголын Үндэсний музейд гаргасан 1200 хүүхдийн үзэсгэлэнтэй танилцаж, 13.30 цагаас Монгол Хүүхдийн ордонд нийслэлийн 9 дүүрэг, 152 хорооны төлөөлөл болсон 500 хүүхэдтэй уулзаж, баярын бэлэг гардуулна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.