ТҮК-ийн ажилчдын 225 хүүхэд зусланд амрах эрхийн бичгээ гардан авлаа

2013-05-31 00:00:00
“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нийслэлээ цэвэр цэмцгэр байлгах гэж шөнө өдрийг ялгалгүй ажиллаж, хөдөлмөрлөдөг Тохижилт үйлчилгээний ажилтнуудын 225 хүүхдэд Нарлаг, Нарс, Ундарга,Глакси, Янзага зуслангуудад амрах эрхийн бичиг, баярын бэлэг гардууллаа. Энэ үеэр бяцхан хүүхдүүддээ хандаж,  нийслэлийн Засаг дарга “Юуны өмнө хүүхдүүд та бүхэнд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе. Монгол улсын хүн амын  талаас илүү хувь нь ажиллаж амьдардаг Улаанбаатар хотынхоо өнгө төрхийг засаж, цэвэр цэмцгэр хоггүй байх их ажлыг гүйцэтгэж хүүхдүүд та нартайгаа ч хамт байх завгүй ажилладаг та бүхний ээж аавуудад нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье. Нийслэлийн иргэд болон манай улсад хүрэлцэн ирж буй гадаадын зочид төлөөлөгчид маань хоггүй сайхан хот болсон талаар ам сайтай байгаа нь та бүхний аав ээжүүдийн хөдөлмөрийн үр дүн юм шүү. Цаашид олон талаар дэмжлэг үзүүлж, талархлаа илэрхийлж байх болно ” гэж онцлон хэлсэн юм. Мөн Монголын хүүхдийн ордны дугуйлангийн авъяаслаг сурагчид, бэлэг гардан авсан найзууддаа урлагийн тоглолтоор бэлэг барьлаа гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.