Түүхэн бүтээн байгуулалтын эздэд төсөл хэрэгжүүлэх эрхийн батламж гардууллаа

2013-05-30 00:00:00
Нийслэл хот  түүхэн бүтээн байгуулалт болох “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийн ажлыг өрнүүлэхэд бэлэн боллоо. НИТХ-ын 2013 оны 02 дугаар 25-ны өдрийн 3/31 дүгээр тогтоолоор батлагдсан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагаа”-ны журмын дагуу төслийг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийг шалгаруулах ажил шат дараатайгаар үргэлжлэн, газар өмчлөгч, эзэмшигч иргэдтэй тохиролцоонд хүрч, олонхийн дэмжлэг авсан 8 аж ахуйн нэгжид албан ёсоор нийслэл, компани, иргэний 3 талт хэлэлцээр хийж, бүтээн байгуулалтын ажлаа  эхлэх эрх бүхий “Батламж”-ийг 05 сарын 29-ний өдөр гардууллаа. Батламж гардуулах ёслолын ажиллагаанд нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл болон “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл”-ийг удирдан зохион байгуулах Төслийн удирдах хорооны гишүүд, төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцсон юм. Батламжийг эхний ээлжинд гэр хорооллын дахин төлөвлөлт хийхээр төлөвлөсөн 12 байршлын 8 байршилд иргэдийн 65-80 гаруй хувийн дэмжлэгийг авч, төслийг гардан хэрэгжүүлэх эрхтэй болсон 8 аж ахуйн нэгж буюу “Хера холдинг” ХХК, “Асар Өргөө” ХХК,“Буурал сутай”ХХК, “Баганат Өргөө” ХХК, “Гангар Инвест” ХХК, “Грандлайн” ХХК, “Моннис” ХХК, “Бүрд констракшн” ХХК-иудад гардууллаа. Мөн батламжийн хамт нийслэлийн Засаг даргын “Төсөл хэрэгжүүлэгчээр батламжлах” тухай А/539 - А/546 тоот захирамжуудыг аж ахуйн нэгж тус бүрт гардуулсан. Энэ үеэр нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга “Олон саад бэрхшээл, хүндрэл байсан ч иргэн бүртэй зөвшилцөн, тохиролцож, бүтээн байгуулалтын томоохон ажилд нийгмийн хариуцлага хүлээн манлайлан оролцож байгаа та бүхэнд баяр хүргэе. Энэхүү батламжийг гардан авснаар хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөө хийж, ажлын зургаа батлуулан, газрын зөвшөөрлөө авч ажлаа эхлэх учиртай. Үндсэндээ 06-р сарын 20 гэхэд нийт аж ахуйн нэгжүүд бүтээн байгуулалтын ажлаа жигдрүүлсэн байх шаардлагатай. Ойрын хугацаанд дэд бүтцийн асуудлыг давхар шийдвэрлэнэ” гэлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Юуны өмнө түүхэн бүтээн байгуулалтын ажлыг зориг гарган хийх гэж буй та бүхэнд нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэх саналыг олон аж ахуйн нэгжүүдэд санал болгож байсан. Гэсэн ч эрсдэл ихтэй энэ ажилд зориг, сэтгэл гарган оролцох аж ахуйн нэгж ховор байсныг дурдах хэрэгтэй. Өнөөдөр энэ ажлыг хэрэгжүүлснээр зөвхөн гэр хороололд амьдардаг 184,000 өрх, 600,000 гаруй иргэнийхээ асуудлыг бус, нийслэлчүүдийнхээ агаарын бохирдол, хөрсний бохирдол гэсэн хамгийн том асуудлыг шийдвэрлэх юм. Бидний ирээдүй хойч, залуу үе энэ түүхэн бүтээн байгуулалтын ажлыг хийж хэрэгжүүлсний төлөө та бидэнд талархах болно. Миний хэлсэн үг, та бүхэнд ажил хэрэгжүүлэх энэ батламж түүх болон үлдэх цаг ойрхон байна. Ажил амжилттай хэрэгжихэд нийслэлийн зүгээс бүх талаар  дэмжин ажиллана. Гагцхүү та бүхэн ажлаа чанартай хийж, гүйцэтгэх нь чухал” гэж онцлон хэлсэн юм. Батламж гардан авсан аж ахуйн нэгжийн удирдлагууд “Хамтдаа энэ  төслийг амжилттай хэрэгжүүлье. Бид хичээн ажиллах болно” гэдгээ илэрхийллээ. Өнөөдрийн байдлаар 8 байршилд төсөл хэрэгжих явц амжилттай явагдаж байгаа бол үлдсэн 4 байршилд дахин сонгон шалгаруулалт хийж, иргэдийн саналыг авах, тохиролцох ажил үргэлжилж байна. НИТХ-ын даргын өгсөн үүргийн дагуу 8 аж ахуйн нэгж бүтээн байгуулалтын ажлаа хугацаа алдалгүй эхлүүлж, 06-р сарын 20 гэхэд тодорхой хэсэгт газар чөлөөлөлтийн ажил явагдаж, барилга байгууламж барих ажил эхэлсэн байх ёстой юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Жич: Төсөл хэрэгжүүлэх 8 аж ахуйн нэгжийн нэр, байршлын талаархи мэдээллийг хүснэгтээр танилцуулъя

д/д Байгууллагын нэрс Байршил
1.      “Хера холдинг” ХХК Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7-р хорооны нутаг дэвсгэр дэх Ханын материал орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө
2.      “Асар Өргөө” ХХК,
“Буурал сутай”ХХК
Чингэлтэй дүүргийн 13, 15-р хорооны нутаг дэвсгэр дэх “72 дугаар сургууль орчмын” хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө.
3.      “Баганат Өргөө” ХХК Баянзүрх дүүргийн 8, 16-р хорооны нутаг дэвсгэр дэх “Батлан хамгаалахын их сургууль орчмын” хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө.
4.      “Гангар Инвест” ХХК
5.      “Грандлайн” ХХК Баянзүрх дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэр дэх “Амгалан орчмын” хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө.
6.      “Асар Өргөө” ХХК Орон сууцны 7-р хороололын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө. Сүхбаатар дүүргийн 9-11, 13-р хорооны нутаг дэвсгэрт
7.      “Бүрд констракшн” ХХК Орон сууцны 14-р хороололын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө. Баянзүрх дүүргийн 13,14-р хорооны дэвсгэр.
8.      “Моннис” ХХК