НИТХ-ын хуралдаанаар Гэр хорооллын дэд төвийг хөгжүүлэх асуудлыг хэлэлцэнэ

2013-05-27 00:00:00
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан 05 сарын 24-ний өдөр боллоо. Хуралдааны эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн өргөн барьсан Худалдаа үйлчилгээний нийтлэг журам батлах тухай асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал танилцууллаа. НИТХ-ын дэргэдэх “Иргэний танхим”-аар хэлэлцүүлж, иргэдээс дэмжлэг авсан бөгөөд нийт 10 бүлэг 174 заалттай журам юм. Энэхүү журам батлагдсанаар нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй 3724 худалдааны цэг, 3092 нийтийн хоолны цэгүүдэд нэгдсэн хяналт тавьж, хууль, дүрэм, журам хэрэгжүүлэх,  үйлчилгээний аюулгүй байдлыг хангах, хүн амын хүнсний хангамжийг сайжруулах,хүнсний аюулгүй байдлыг бүрэн хангасан бараа бүтээгдэхүүнээр иргэдэд үйлчлэх, үйлчилгээний бүх салбарт өнөөгийн нөхцөлд  доголдож буй дутагдлуудыг арилгах, зөв чиг хандлагатай болгох, үйлчилгээний соёлыг дээшлүүлэх, мэргэжлийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, аж ахуйн нэгжүүдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой гэж төсөл санаачлагч үзэж байгаа юм. Журамд тодорхой хориглосон заалтуудыг оруулсан байна. Тухайлбал “Худалдааны газрууд 21 нас хүрээгүй хүнд тамхи, согтууруулах ундаа, хийн газ худалдахыг хориглоно. Шаардлагатай тохиолдолд худалдан авагчийн насыг тодорхойлох зорилгоор иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримтаа үзүүлэхийг шаардана. Хүнсний дэлгүүр, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний танхимд төлбөртэй тоглоом, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, эмийн сан  /хүнсний дэлгүүрээс дээш ангилалд хамаарахгүй/, кино прокатын үйлчилгээ, хими цэвэрлэгээ, фото зураг угааж боловсруулах, хувцас захиалга, засвар,  түлхүүр олшруулах чиглэлээр  талбай түрээслэх, зуух пийшин байрлуулан галлахыг хориглоно. Түлш, мод, нүүрсийг нийтийн эзэмшлийн гудамж талбайд болон хүнсний худалдаа эрхэлдэг зааланд  худалдаалахыг хориглоно. Стандарт эрүүл ахуйн шаардлага хангагдаагүй, цэвэр бохир усны төвлөрсөн болон хэсгийн холболтонд холбогдоогүй, ханан пийшингээр халаадаг байранд  хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэл явуулахыг хориглоно. /ТҮЦ, павильон, бусад зориулалтын бус газрууд/ .Нийтийн эзэмшлийн орон сууцны нэг болон суурийн давхарт диско, караоке, билльярд, баар  зэрэг иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулах ажил үйлчилгээ шинээр нээж ажиллуулахыг хориглоно” зэрэг заалтуудыг тусгажээ. Харин НИТХ-ын Тэргүүлэгчид дээрхи журмын бүтцийг сайжруулах, худалдагч, худалдан авагчийн хоорондын харилцааг ойлгомжтой болгох, хувиараа бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хүндэтгэх, тэдэнд хугацаа, боломж олгох, журам зөрчигчийн хариуцлагын тогтолцоог сайжруулах шаардлагатай гэж үзэн уг асуудлыг буцаах санал гаргаж, дэмжсэнээр дараагийн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Клинкийн Нэгдүгээр амаржих газрыг МУ-ын Хөдөлмөрийн баатар, Хүний гавъяат эмч, Ардын эмч Балдангийн Жавын нэрэмжит болгох тухай асуудлыг НЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга М.Отгонбаяр танилцууллаа. Эрүүл мэндийн салбарт өөрийн үнэтэй хувь нэмрийг оруулж, ард түмнийхээ эрүүл энхийн манаанд олон жил зүтгэсэн Б.Жав эмчийг үеийн үед дурсах учиртай гэж үзэн дээрхи асуудлыг Тэргүүлэгчид дэмжин, НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол гаргалаа.

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 03 сарын 21-ний өдрийн 07 дугаар хуралдааны тэмдэглэлээр өгсөн үүргийн биелэлтийн тухай “БЗД-ийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах УС-”15 уурын зуухны барилга байгууламж, тоног төхөөрөмжийг акталж, нийслэлийн өмчийн харилцааны бүртгэлээс хасах, уг эд хөрөнгийг буулгах” тухай асуудлыг нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар танилцууллаа. Танилцуулганд “Нийслэлийн Засаг даргын 2008 оны 271 дүгээр захирамжаар байгуулагдсан үэнлгээний хорооны зөвлөмжийн дагуу БЗД-ийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах УС-15 халаалтын зууханд 4.0 гкал/ цаг хүчин чадал бүхий  нүүрс хийжүүлэн, дулаан үйлдвэрлэх төхөөрөмж нийлүүлэн суурилуулах шинэлчлэлийн  ажлыг 393,857,280 төгрөгийн төсвөөр хийж гүйцэтгүүлэхээр БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Витз Теч Глобал ХХК”-тай захиалагчийг төлөөлөн тухайн үед ажиллаж байсан Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Бт 2008 оны 11 сарын 10-ны өдөр гэрээ байгуулжээ. Гэвч тус компан нь 2008 оны 12 сарын 05-ны өдөр гүйцэтгэх ажлынхаа 80 хувийг өөрсдийн хөрөнгөөр санхжүүлэн гүйцэтгэж, гадаадаас оруулж ирэх тоног төхөөрөмжийн 90 хувийг  оруулж ирсэн бөгөөд санхүүжилтын үлдэгдэл болох 115 сая төгрөгийг Сангийн яам шийдвэрлэх боломжгүй болсны улмаас асуудал үүсчээ. Энэ асуудал шийдвэрлэгдэхгүй хугацаа алдснаас шалтгаалан тус компани их хэмжээний алдагдалд орж улмаар гэрээний нөхцлийг зөрчин үнэдслэлгүйгээр төлбөр нэмхэжлэх, олйгомжгүй санал тавих зэргээр асуудалд хандсан нь Захирагчийн ажлын алба гэрээгээ цуцлахад хүрчээ. Тиймээс олон жил сунжирсан энэ асуудлыг шийдвэрлэх ажил албан ёсоор дуусаагүй, тоног төхөөрөмжүүдийг Халаалтын зуухны ашиглалт НӨҮГ-т хариуцуулан хамгаалатад авч хадгалж байгаа” гэж дурдлаа.  Энэ асуудлыг яаралтай шийдвэрлэж, бүртгэлтэй тоног төхөөрөмжийг тодорхой болгохыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг болголоо.

НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар НИТХ-ын ээлжит хуралдааныг 05 сарын 30-ны өдөр буюу энэ пүрэв гарагт 09 цагаас хуралдахаар товлож, хуралдаанаар Улаанбаатар хотын гэр хорооллын дэд төвийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр, Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд эзэмшүүлэх, өмчлүүлэх газрын байршил, хэмжээг тогтоох тухай, Нийслэлийн нутаг дэвсгэрт авто замын далан байгуулах зориулалтаар дайрга ашиглах тухай, Нийслэлийн нутаг дэвсгэрт рашаан, хот тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн зориулалтаар хар шороон хөрсийг ашиглах тухай асуудлуудыг тус тус хэлэлцэхээр шийдвэрлэлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.