Төрийн үйлчилгээний төв байгуулах төслийг хэлэлцлээ

2013-05-24 00:00:00
Нийслэлийн Удирдлагын Зөвлөлийн ээлжит хуралдаан  5 дугаар сарын 23- ны өдөр болж, нийслэлийн “Нутгийн Захиргааны байгууллагуудын төрийн үйлчилгээний нийтлэг журам”-ын төсөл, Цахим архивын төслийн тухай, Засгийн газрын 2011 оны “Дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай” 103-р тогтоолын хэрэгжилтийн тухай зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ.
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн үйлчилгээний нийтлэг журмын төслийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын нутгийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцууллаа.
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас төрийн үйлчилгээг төвлөрсөн нэг цэгээс хөнгөн шуурхай үзүүлэх, үйлчилгээнд баримтлах зарчим, нэгдсэн ойлголтыг жигд мөрдүүлж хэвшүүлэх, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, чадавхийг нь бэхжүүлэх зорилгоор энэ төслийг боловсруулан гаргажээ. Төслийг хэрэгжүүлснээр иргэдэд  “Төрийн үйлчилгээг нэг цэгээс хөнгөн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй авах, зардал мөнгө, цаг хугацаа хэмнэх ач холбогдолтой юм. Мөн байгууллага хоорондын уялдаа холбоо сайжирч, үйл ажиллагааны давхардал, хийдэл, зогсонги байдал арилж, үйлчилгээний чанар хүртээмж сайжирахын зэрэгцээ, “Иргэн төвтэй” төрийн үйлчилгээний шинэ тогтолцоо бүрдэнэ. Шинээр баригдах үйлчилгээний төв нь өөрөө өөртөө үйлчлэх танхим, үйлчилгээний танхим, шууд үйлчилгээний танхимаас бүрдэх бөгөөд төрийн үйлчилгээний эрх зүйн орчныг бүрдүүлэх, төрийн үйлчилгээний төв байгуулах, хэрэгжилт, дүн шинжилгээ хийж үр дүнг тооцох гэсэн 4 үе шаттайгаар зохион байгуулна. Энэ асуудлыг Удирдлагын зөвлөлийн гишүүд хэлэлцээд, НИТХ-д өргөн барьж хэлэлцүүлэхээр боллоо.

Цахим архивын төсөл хэрэгжихээр боллоо
 
Төрийн архив гэдэг бол тухайн улс үндэстний түүхэн ой санамж бөгөөд энэ  нь нийгмийн үнэт баялаг төдийгүй мэдээллийн чухал нөөц, эх сурвалж болж үлддэг. Мэдээллийн эрин зуун хөгжсөн энэ үед ихэнх улс орны архив цахим хэлбэрт шилжсэн. Тиймээс нийслэлийн архивын санд хадгалагдаж байгаа баримт материалыг цахимжуулах төслийг Нийслэлийн Архивын газрын дарга С.Гаваа дарга танилцууллаа.
Төрийн архив нь сан хөмрөгтөө хадгалагдаж буй түүхэн баримтыг улс нийгмийн болон эрдэм шинжилгээ, судалгааны зорилгод өргөн хүрээтэй ашиглуулж, байгууллага, иргэдэд архивын мэдээллээр шуурхай үйлчлэх үндсэн үүрэгтэй.
Энэ төсөл нь  “Төрийн архив, албан хэрэг хөтлөлт”-ийн ажилд нэгдсэн програм хангамжийг хэрэгжүүлэх бөгөөд програмын тусламжтайгаар төрийн архивын нэгдсэн бааз үүсгэн, цахим хэрэглээнд нэвтрүүлэн шат дараатайгаар тодорхой хугацаанд хэрэгжинэ. Ингэснээр 1924 оноос хойш өнөөдрийг хүртэлх төрийн байгуулагуудын түүхийг илтгэх 266 хөмрөгийн 19,5 орчим сая хуудас архивын баримтыг цахим хэлбэрээр хадгалах боломж бүрдэх юм.
Нийслэлийн архивын газар иргэд, байгууллагуудад цаасан баримтаас жилд дунджаар 4138 лавлагаа гаргаж өгдөгөөс 990 буюу 24 хувийнх нь хариу олддоггүй байна.  Лавлагааны ажилтан өдөрт 17 лавлагааны хариуг өгдөг бол баримтуудыг тоон хэлбэрт хувиргаад эрэлт хайлт нь боловсронгуй болчихвол 1 лавлагааг 5 минутад, өдөрт 96 лавлагааны хариу өгөх боломжтой болох юм.
 “Нийслэлийн цахим архив” төслийг хэрэгжүүлэхэд 3 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд үүнд програм хангамж, урсгал зардал, тоног төхөөрөмж суурилуулалт, боловсон хүчний  зардал багтаан тооцжээ. 51 ажилтан гэрээгээр ажиллуулан, цаасан баримтыг 2 жилийн дотор тоон хэлбэрт оруулах бөгөөд  2014-2015 онд төсөл хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг ирэх оны төсөвт суулгуулахаар шийдвэрлэлээ.
 
Үндэсний үйлдвэрлэлээ дэмжин ажиллана

“Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих талаар авах арга хэмжээний хүрээнд 103-р тогтоолын хэрэгжилтийн явц болон түүнийг хэрэгжүүлэх зорилгоор “Нийслэлийн хэмжээнд үндэсний үйлдвэрлэгчдэд давуу эрх олгох журам”-ын танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа  танилцууллаа. “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд нь Засгийн газрын 103-р тогтоолын дагуу эхний ээлжинд худалдан авахаар заасан дотоодын  үйлдвэрийн 38 нэр төрлийн бүтээгдэхүүнээс 36 нэр төрлийг худалдан авсан байна. Нийт хэрэгцээний 76,3 хувийг дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүнээр, 23,7 хувийг импортын бүтээгдэхүүнээр хангасан байна. “Нийслэлийн хэмжээнд үндэсний үйлдвэрлэгчдэд давуу эрх олгох журам” нь нийслэлд улсын болон төсвийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авахдаа холбогдох хууль тогтоомжийн дагуу үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг давуу эрхээр худалдан авах зорилготой юм. Ингэснээр бараа үйлчилгээ худалдан авах шалгаруулалт бүрт дотоодын эрхийг давууд тооцох, нийслэлд хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажилд хэрэглэгдэх гол нэрийн бүтээгдэхүүнийг үндэсний үйлдвэрлэгчээс худалдан авах, нутгийн захиргааны байгууллагуудын хэрэгцээт бараа ажил үйлчилгээний жагсаалтыг НИТХ-аар батлуулж, гэрээг зөвхөн дотоодын үйлдвэрлэгчтэй байгуулж байхаар тусгасан юм. Ингэснээр ажлын байрыг нэмэгдүүлэх бөгөөд төсөв нэмэгдэхэд ажилгүйчүүдийн тоо буурч байх ёстой.  Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж, “Монголд үйлдвэрлэв” гэсэн гарал үүслийн гэрчилгээтэй бол үндэсний үйлдвэрлэгч гэж ойлгох хэрэгтэй гэдгийг Удирдлагын зөвлөлийн гишүүд хэлж байлаа. Гишүүд асуудлыг хэлэлцээд төсвийн бодлогоор дэмжин ажиллахаар боллоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.