Зургаан компани гурван тэрбум төгрөгийн тохижилтын ажил хийнэ

2013-05-23 00:00:00
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас “Хөгжлийн төлөө түншлэл” нийгмийн хариуцлагатай хөрөнгө оруулалт уулзалтыг зохион байгуулсан. Уулзалтын үр дүнд нийслэлд нэн шаардлагатай байгаа орчин үеийн тохижилтын өнгө төрхөд нийцсэн ногоон байгууламж байгуулахад хувийн хэвшил, гадны төсөл хөтөлбөрүүдийг татан оролцуулж, хэд хэдэн гудамж талбайг тохижуулахаар болсон.
Нийслэлийн тохижилтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу хотын өнгө төрхийг сайжруулахад хамтран ажиллахаар MCS групп, Оюу Толгой ХХК, Орчлон констракшн ХХК-иуд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э. Бат-Үүлтэй “Хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурсан. Энэ уулзалтанд оролцсон хувийн хэвшлийхнээс 18 аж ахуйн нэгж байгууллага, хот тохижилтын чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй  байгаагаа  илэрхийлснээс “MCS” групп,  “Оюу толгой” ХХК,  “Таванбогд”  групп  “G Mobile” корпораци ,“Bluemon” ХХК,  “Алтантариа” ХХК зэрэг зургаан  аж ахуйн нэгж, нийтдээ 3,052,000,000 төгрөгийн өртөг бүхий хот тохижилтын ажил хийхээр боллоо. “MCS” групп Чойжинламын музейн урд Гэндэнгийн гудамж, Сүхбаатарын талбайн зүүн хэсэг буюу Централтаураас МУИС-ийн 1-р байр хүртэл, “Оюутолгой” ХХК,  МУБИС-иас ШУТИС-ийн өмнөх гэрлэн дохио хүртэл, “Таванбогд” групп Чингисийн өргөн чөлөө буюу Төв шуудангаас Баянгол зочид буудлын өмнөх автобусны зогсоол хүртэл, “G Mobile” корпораци шүдний төвийн урд талын гудамжийг, “Алтантариа” ХХК, Олимпийн гудамжны 2-р хэсэг буюу Элчингийн гудамжны уулзвараас ЮНЕСКО-ийн гудамж хүртэл, “Bluemon” ХХК,  МУИС-ийн 2-р байрны өмнөх задгай талбайн тохижилтыг хийхээр болжээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.