Нийслэлийн Засаг дарга Вьетнамын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2012-08-31 00:00:00

          Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл манай улсад айлчилж буй Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн Хууль зүйн байнгын хорооны дэд дарга ноён Данг Динх Лиен тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Ноён Данг Динх Лиен: "Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч  хэмээх нэр хүндтэй албанд томлигдон ажиллаж байгаад баяр хүргээд, биднийг халуун дулаанаар угтан авч байгаа танд баярлалаа. Манай улс тун удахгүй Үндсэн хуулиандаа өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа юм. Мөн Нийслэл хотынхоо хуулийг шинээр боловсруулах гэж байна.  Улаанбаатар хот маш хурдацтай хөгжиж байгаа хот гэдэг нь анзаарагдсан. Тиймээс та бидэнд Нийслэл хотынхоо тухай болон, хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа зарим ажлуудаасаа танилцуулаач хэмээн хүсэж байна" гэлээ.

           Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захиаргч Э.Бат-Үүл: Манай нийслэл бол хоёрдмол статустай юм. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр,  төр захиргааны төв байгууллага Улаанбаатар хотод байрладаг учраас төрийн үйл ажиллгааг саадгүй явуулах бүх нөхцөл боломжийг бүрдүүлж ажиллах учиртай.  Гэхдээ сүүлийн 10-аад жил Нийслэл хот зөвхөн энэ чиглэлээ илүү баримталж хотын иргэдийнхээ төлөө үйлчилэхээ мартсан байсан гэж хэлж болно. Миний баримтлаж байгаа чиг бодлого бол хотод амьдарч байгаа иргэдийнхээ эрх ашигт нийцүүлэн ажиллах юм. Мэдээж Нийслэл хот гэдэг утгаараа үндсэн үүргээ ч гэсэн мартах ёсгүй. Би шинээр ажлаа аваад хийсэн нэг томоохон ажил бол замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зохион байгуулалтын арга хэмжээ байлаа. Энэ журам мөрдөгдөөд долоо хоноогүй байгаа ч гэсэн Нийслэлийн иргэд журмыг сайн биелүүлж байна.  Хотын зам ачаалал ихтэй, жирийн нэг иргэн ажилдаа ирэхдээ бүтэн нэг цаг түгжирдэг байсан бол, энэ журам гарснаар одоо 20 минут яваад ажилдаа ирэх боломж бүрдсэн. Дээр нь  манай иргэд  өөрсдөө хууль зөрчсөн хүмүүстээ хатуу шаардлага тавьж, журамыг дагаж мөрдөхийг хүсэж байгаа нь ажиглагдсан. Тиймээс Хотын иргэдийнхээ эрх ашгийг хангасан журам дүрэм боловсруулах нь үр дүнтэй гэж би бодож байна гэлээ.

      Харин Ноён Данг Динх Лиен: Бид Нийслэлийн хуулиа шинээр боловсруулж батлуулах гэж байгаа энэ цаг үед хуулийн төсөл дээр ажиллаж байгаа надад болон манай гишүүдэд үнэтэй зөвлөгөөг өгсөнд баяртай байна. Таны хэлсэн саналуудыг судлаж үзээд хуулиндаа тусгах болно. Цаг гаргаж бидэнтэй уулзсанд дахин талархал илэрхийлье гээд  Нийслэлийн засаг дарга бөгөөд, Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд амжилт хүслээ.