Жуулчидтай харилцах эргүүлийн цагдаа нарыг чадавхижуулж эхэллээ

2013-05-21 00:00:00
Дэлхийн эдийн засгийн форумаас жил бүр гаргадаг улс орнуудын аялал жуулчлалын өрсөлдөх чадварын судалгаагаар 2013 онд манай улс жуулчдад таагүй 10 орны нэгээр нэрлэгдсэн билээ. Жуулчид, гадаадын иргэдтэй холбоотой гэмт хэрэг зөрчил 2011 онд улсын хэмжээнд 111 гарснаас нийслэлд 76, 2012 онд 121 гарснаас нийслэлд 91 бүртгэгдсэн байна. Богино хугацаанд аялж байдаг болохоор олон дахин мэдүүлэг өгөх боломжгүй, хаана хандахаа мэддэггүй учир халаасны хулгай, танхайн хэргүүд төдийлөн бүртгэгддэггүй гэж салбарынхан ярьдаг. Үүнээс үзвэл бодит байдал дээр статистикт дурдсанаас олон дахин их зөрчил гардаг нь тодорхой. Иймд Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Цагдаагийн газар хамтран хэрэг зөрчил их гардаг газруудад 6-р сарын 1-нээс нэмэлт эргүүл ажиллуулахаар болсон байна.  Өнөөдрөөс эргүүлийн цагдаа нарт зориулсан англи хэлний ярианы сургалтыг Соёл, спорт, аялал жуулчлалын яамны дэмжлэгтэйгээр Нийслэлийн Аялал жуулчлалын газраас явуулж эхэллээ. Сургалтад мөн Чингис хаан олон улсын нисэх буудал, Хилийн шалган нэвтрүүлэх алба, Улаанбаатар төмөр замын төв буудлын үйлчилгээний ажилтнууд хамрагдаж байна. Нийслэлийн Аялал жуулчлалын газраас жуулчдын санал, гомдлыг хүлээн авах 7010-TOUR буюу 70108687 дугаарын утсыг ч ажиллуулж байна гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.