Ш.Ганхуяг: Гэр хорооллынхны амьдрал өөрчлөгдөж, газрын үнэ өссөн

2013-05-17 00:00:00
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуягтай дахин төлөвлөлтийн ажлын явцын талаар ярилцлаа.
 
-Нийслэлийн иргэдийн 75 хувь нь гэр хороололд аж төрдөг тул барил­гажуулах төслийг нэлээн анхааралтай ажиглаж байгаа. Энэ ажил хэл амтай, маргаан дагуулаад байна уу. Эсвэл зарим хүний сонирхлоор улстөр­жүүлж эхэлсэн үү?
-Гэр хорооллын газрыг дахин төлөвлөөд, барил­гажуулах төслийг л бид хэрэгжүүлж байна. Зөвхөн иргэд, хөрөнгө оруулагч хоёрын хоорондын зөв ойлголцлын төвшинд зохицох ёстой. Сонгууль дөхсөн үед хүмүүст ямар ч санаа байхыг үгүйсгэхгүй.  
-Танай төслийн ажлын амин  сүнс нь юу болж байгаа бол?
-Гэр хорооллыг барил­гажуулах ажлыг төр зохи­цуулж, бүтээн байгуулал­тын ажлыг хувийн хэвш­лийн хөрөнгөөр хийхээр эхлүүлсэн. Гол нь иргэ­дийн оролцоотойгоор энэ төслийг хийж байгаа. Нийгмийн сайн сайхны төлөө тэр хэсэг газарт дэд бүтэц барина. Бүтээн байгуулалтын ажлыг нь бид хянана. Таны амьдрах сууцыг нүдний чинь өмнө барьж байхад сэтгэл амарна биз дээ. Барилгын компани тодорхой хэм­жээний ашиг унагахгүй бол тийшээ яалаа гэж зүглэх билээ. Нөгөө талд буй иргэд хөрөнгийн эрхээ яаж шилжүүлэхээ шийднэ. Хэн ч гэсэн аятайхан байр савтай болж өмчөө хүүхдүүддээ үлдээе гэж бодож байгаа. Хотын удирдлага энэ ажилд хутгалдаад л “Та хашаа байшингаа тэдэн төгрө­гөөр зар. Барилгын компа­ниуд айлуудын газрыг тэдээр ав” гэж тулгахгүй. Газартай хүмүүстэй хөрөнгө оруулагч очиж уулзаад “ханцуй дотроо” тохиролцчихвол асуудал алга.  Төсөл маань сүнстэй болоод ажиллах нь тэр.
-Иргэд манай байшинг нар үзэх боломжгүй болгож барилга босголоо гэх мэтээр гомдол гаргаад байгаа юм биш үү?
-Дахин төлөвлөлтөд оролцож байгаа компа­ниуд олон давхар орон сууц барих хүсэлтэй байгаа. Яагаад гэвэл ту­хайн хэсэг газрыг орон сууцаар тулж авч байгаа тул эздэд нь үнэ төлбөргүй байр өгнө. Тэр компани ажлын зардал гаргаж, дээр нь ашигтай ажиллахын тулд илүү гарсан сууцуу­даа худалдана. Ингэхийн тулд өөрийн болгосон газ­рынхаа хамар хашааг сул­лаж томхон бүтээн байгуу­лалт хийхийг зорино. Өмнө нь тэд ийм маягаар гэр хорооллын газарт барилга барьсан туршлагагүй хэдий ч эрсдэлээ үүрээд энэ ажил руу орж байгаад харин ч иргэд баярлаж, дэмжих ёстой. Дээр таны өгүүлсэн тааруухан аж байдлыг сайжруулж орчин үеийн шинэ сууцтай болгох гэж байгааг санаарай. Ажил юм чинь, мэдээж хоёр талаас зовлон ярина. “Ба­рилгын компа­ниуд шу­налын тулам болчихож. Миний газрыг хямдхан авах гээд байна” гэж хэлэх хүн захаас аваад гарна.  Нөгөөдүүл нь хийх ажилдаа урьдчилаад  тооцоо, судалгаа хийсэн. Жишээлбэл, 100 айлын хашааны газарт манай компани 240 айлын орон сууц барьчихлаа. Тэд нэг өдрийн дотор орон суу­уудаа худалдаж чадахгүй. Мөнгө тааруу тул банк­наас зээлж авч барилгын материалаа татна, ажилт­нуудаа цалинжуулж ба­рил­га барих зэргээр зовлон их.
Дэлхийн шилдэг эдийн засагч Эрнандо дэ Сото Монголд ирээд “Үл хөдлөх хөрөнгийн бүрт­гэлийг нь зөв болгочихвол хөрөнгийн асуудал мар­гаангүй шийдэгддэг” гэж хэлж байсан. Гэр хороол­лын айлуудыг хараад “Энд долоон тэрбум төгрөг байна” гэж газрыг үнэлж байсан. Бид тэд нар шиг эдийн засгаа чөлөөтэй, зөв замаар хөгжүүлж чадаагүй  учраас өнөөдөр гэр хо­рооллын газрыг зах зээлд баймгүй өндөр үнээр ху­далдах гэж маргалдан цаг алдаж байна.
-Гаднынхан манайхан шиг гэр хороололтой байл­гүй. Тэд газраа яаж үнэлж ирснийг та судлаж үзсэн үү?
-/Инээв/Гадаадад гэр хороолол гэж байдаггүй учраас ойлгоход бас бэрх. Тэнд газрыг маш бага үнээр худалдаж авдаг юм байна. Газар гэхээсээ илүү барилгажсан газрыг үл хөдлөх хөрөнгө гэж үзэн өндөр үнээр авах эсэхээ шийддэг. Бидний алсын хараа бол, газрын үнийг бага болговол гэр хороолол хурдан хөгжинө.
Хулгайч нар яагаад шинэ, сүүлийн үеийн заг­варын гар утсыг дэлсдэг юм бэ. Тэр нь хурдан эргэлтэд орж, их мөнгө болохоор харагддаг учраас тэр. Гадаадад бүртгэл, татвар, үнэлгээний систем нь нэгэнтэйгээ урвуу ха­мааралтай, яг цагны ме­ханизм, эд анги шиг зо­хицон хөгжсөн юм билээ.
-Үүнийг та тодорхой жишээн дээр тайлбарлаж болох уу?
-Тухайлбал, таны газ­рыг худалдаж авъя гэхээр та, “Гэр хорооллын нэгдү­гээр эгнээнийх, байршил сайтай, автобусны буудал, худаг ус, дэлгүүртэйгээ ойр. Тэгш газар учраас нэг тэрбум төгрөг” гэж үнийн саналаа хэлнэ биз дээ. Газар сонирхож байгаа этгээд сөргүүлээд  , “2012 онд та газрын төлбөрөө төлсөн үү. Таны газрыг нэг  тэрбум төгрөг гэж үнэлбэл зохих татварыг нь төлсөн баримтаа үзүүлнэ үү” гэж шалгаадаг юм байна л даа, өндөр хөгжсөн оронд. Гэ­тэл манай иргэдэд ийм боломж алга. Амандаа орсон тоогоор газраа үнэлж байгаад тэднийг буруутгах арга алга. Ма­най хотоос хэрэгжүүлж байгаа бодлого Де Сото­гийн хэлсний дагуу явчих­сан. Гэр хорооллын ха­шааны газар өндөр үнэтэй болсон. Манайхан өмнө нь газраа банкинд барьцаалаад олигтойхон том зээл авч чаддаггүй байсан даа. Авлаа гэхэд маш бага хэмжээний зээл олдоно. Гэтэл одоо гэр хорооллын иргэд хүссэн ханшаа хэлээд л сууж байна. Гэр хорооллынхны  аж амьдрал, газрын үнэ өөрчлөгдсөн. Энэ л бид­ний хийсэн ажлын үр дүн юм.
-130 га газрыг барил­гажуулж, тохижуулах үүрэг хүлээсэн хүмүүс цааш ажиллахад бэрхшээл их биз?
-Бид бүх зүйлийг то­моор харж, хийнэ гэдгээ­сээ салмаар байна. Бид нэг л өдөр гэр хорооллын газрыг тэгшилж 130 га газарт барилга босгож чадахгүй. Бага багаар асуудлыг шийднэ. Дор нь үр дүн шаардаж болдоггүй ажил энэ юм байна. Бэрх­ээл таарлаа гэж бид тойрч гүйх эрхгүй. Хялбар ажиллах боломж бүрийг эрэлхийлж байгаа.  130 га газраа дотор нь 22 хэсэг болгон хувааж бүтээн байгуулалтын ажлаа бид нэг захаас нь эхлүүлсэн. Эхлээд 9,2 га газарт байгаа айлуудын газрыг хэсэгч­лэн төлөвлөсний дагуу барилгажуулна. Ингэхээр хүмүүст итгэл, үнэмшил илүүтэй төрдөг юм байна. Иргэд “Ямархуу ажил болох бол” гэж биднийг хараад  хүлээж суугаа нь үнэн.
-Компаниудын хөрөн­гө, хүчин чадал хэр байна вэ?
-Заавал том ажлыг барьж авахдаа биш гэд­гийг компаниудад са­нуулж байгаа. Хэн ч гэсэн өөртөө итгээд зориглоод ажиллахад ямар ч ажлын ард гардаг. Яг л ийм байд­лыг хотын захиргаанаас иргэд олон нийт, үндэсний үйлдвэрлэгч, компаниу­дад олгосон. Тэр мөнгө­тэй, энэ хоосон гэх эрх бидэнд алга. Ажил хийх хүсэл, чадвартай нь гэр хорооллыг шинээр бүтээн байгуулахаар ажиллаж байна.
-Газраа чөлөөлсөн айлууд хаана толгой хор­годох вэ?
-Барилгын ажил эх­лэнгүүт айлууд нүүх хэ­рэгтэй. Жишээлбэл, танд хөлсний байрыг са­рын 150 мянгаар тооцоод  шаардлагатай мөнгийг нь өгчихнө. Та айлын ха­шаанд түр амьдарна уу, түрээсийн өрөөнд орно уу, хамаатныдаа очно уу таны хэрэг. Гэр хорооллынхон бас онцлогтой хүмүүс юм. Дээр үед гуравдугаар хо­рооллыг барихаар болоход тэнд  500 айл аж төрж байлаа. Тэднийг нэг л өдөр “Танай хашаа га­зарт орсон. Өнөө, мар­гаашгүй нүү” гэж  хөө­чихсөн. Нө­гөөдүүл нь нүүчихсэн. Газрыг нь тэгшлээд жи­лийн дараа барилгын ажлыг эхлүүлж байсан. Одоо бүх зүйл өөр.
-Социалист нийгмийн үе байсан болохоор арга­гүй биз дээ?
-Одоо хүмүүс хашааны газраа дураараа үнэлж байна. Үүний цаана иргэд барилгын компаниудад  мэхлүүлчих вий гэсэн айдас, болгоомжлолтой байна. Иргэдийн аманд багтаад ажиллахаар төсөл ямар ч ашиггүй болно. Ашиггүй ажлыг хэн ч хийхгүй.  XXI зуунд утаа­тай улаанбаатарынхан гэж дуудуулан гэр хо­роо­лолтой, хогтой,  модон жорлонтойгоо үлдэх гэж үү. Аль ч нийгэмд амьдарч байсан хүн эрүүл, аюулгүй орчинд аж төрөх ёстой гэдгээ иргэд сайтар ухамсарлаасай.
-Барилгын ком­паниу­дыг урамшуулах хөшүүрэг бий юу?
-Хотын захиргаанаас хот төлөвлөлтийг тодорхой болгох ёстой. Дээр нь дэд бүтцийн ажлыг тэнд ажил­лаж байгаа компаниуддаа өгнө. Сургууль, цэцэрлэг барих ажлыг та нар хий гэж дэмжинэ. Барилгын компаниуд маань гэр хо­рооллоос туслах ажилт­нуудаа авахад бас дэмжлэг юм. Зарим ком­пани  барил­гаа бариад дуусч байгаа.
-Гэр хорооллын нэг хашаанд олон айл аж төр­дөг. Айл бүр цөөнгүй ам бүлтэй. Газрын эзэн бай­ранд орчихлоо. Үлдсэн зүдэрсэн айлууд хаана толгой хоргодох вэ?
-Нээрээ тийм л дээ. Манай нутгийн хүний ха­маатан, ах дүү гээд ха­шаан­даа айл буул­гачихдаг. Тэр айл мөнх тэр хашаандаа амьдрах юм шиг цаашдаа хэрхэн аж байдлаа өөд татах гарц хайхгүй 10, 20 жил бол­чихсон байна. Зарим ба­рилгын  компани ийм то­хиолдолд манай байрнаас тодорхой хувийн хөн­гөлөлтэй үнээр худалдаж ав гэж гэрээлсэн байна лээ.
-Энэ ажлыг хийхэд бэрхшээл гарна биз?
-Гэр хороололд байдаг зарим айлын орон сууцанд ороод хашаагаа түрээс­лүүлчихжээ. Зарим нь га­даад яваад хашаагаа ха­маа­тан садан, хэн нэгэнд хөлслүүлчихдэг аж. Хашааны жинхэнэ эзнийг хайж олох гэж асуудал байна.  Тэр түрээслэгч миний хашаа зарагдах болсныг Ш.Ганхуягт дуул­гамааргүй байдаг.   Хэл­чих­вэл чиний амьдрал өөрчлөгдөж, хаашаа ч юм бэ нүүх хэрэг гарна. Тий­мээс, эзнийг нь мэдэхгүй, утас нь алга болсон гэх мэтээр бултах бэрхшээл байна.