Улаанбаатар хот метротой болоход ойртжээ

2013-05-17 00:00:00
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Улаанбаатар метро төсөл”-ийн судалгааны эцсийн тайланг Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын Дарга, Ерөнхий Сайдад тус тус өргөн барилаа.
Энэхүү судалгааны ажлыг Япон Улсын ЖАЙКА байгууллагын Улаанбаатар хотод нийтийн тээврийн төсөл хэрэгжүүлэх судалгааны баг 2011оны 9-р сараас 2013 оны 3 сар хүртэл хугацаанд хийж гүйцэтгэсэн юм.  Судалгааны тайланг НИТХ-д танилцуулж төлөөлөгчид уг судалгааны ажлыг дэмжин дээд шатны байгууллагад өргөн барьж асуудлыг шийдвэрлүүлэхээр болсон билээ.  
Улаанбаатар хотод тулгамдаад буй замын хөдөлгөөний түгжрэл, хүрээлэн буй орчны ачаалал гэх мэт асуудлыг шийдвэрлэхийн тулд шинэ төрлийн нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх нь зүйтэй гэсэн үүднээс судалгааны баг ажиллаж, Улаанбаатар хотын хүн ам, нийгэм, эдийн засгийн байдал, хүрээлэн буй орчин, геологи, хөрс, хотын өнгө үзэмж, хөрөнгө оруулалт, санхүү, техник, технологи зэрэг шаардлагатай бүхий л талаас судалгааг хийн, Улаанбаатар хотод хэрэгжүүлэх боломжтой метроны байгууламжийн санааг дэвшүүлсэн байна.
Метро нь Улаанбаатар хотын замын хөдөлгөөний гол ачааллыг үүрдэг Энхтайваны өргөн чөлөөний дагуу 17.7 км урттай, 14 өртөөтэй байгуулагдах ба зүүн 4 замаас баруун 4 зам хүртэлх хэсэг нь газар доорх, бусад хэсэг нь гүүрэн хэлбэртэй байх аж. Өөрөөр хэлбэл авто замаас бүрэн тусгаар систем байх учир түгжрэлд өртөхгүй, гэрлэн дохио хүлээж зогсохгүйгээр хүссэн газраа тогтмол цагт, найдвартай очдог болно гэсэн үг.  Метро байгуулна гэхээр ганц метроны шугам бариад зогсохгүй, Улаанбаатар төмөр зам, автобус, тролейбусны маршруттай холбож, том хэмжээний авто зогсоолыг төлөвлөх зэргээр иргэдийн бүхий л төрлийн тээврээр ая тухтай зорчих, тэдгээр хооронд саадгүй шилжин суух, мөн явганаар явах орчин нөхцлийг хангах нийтийн тээврийн цогц сүлжээний шийдлийг судалгааны тайланд тусгасан байна.  
Метротой болохын тулд 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэж тооцоолсон ба улс дэд бүтцээ хариуцан, үйл ажиллагааг явуулахад дотоод гадаадын хувийн хэвшлийн ноу-хауг ашиглан, хөрөнгө оруулалтыг татан оролцуулах замаар оновчтой хэрэгжүүлж чадвал энэ зардлыг богино хугацаанд нөхөх боломжтой гэжээ.
Улаанбаатар хот метротой болсноор замын түгжрэл буураад зогсохгүй, худалдаа үйлчилгээ, бизнесийн үйл ажиллагаа идэвхжин, худалдан авалт нэмэгдэж, үл хөдлөх хөрөнгийн зах зээл хөгжиж, шинэ ажлын байр олноор бий болж, газар доорх хотыг байгуулснаар өвлийн хүйтэнд ч дулаахан тохилог орчинд зорчиж, үйлчлүүлнэ, автомашинаас ялгарах хорт утаа багассанаар агаарын бохирдол буурна гээд эдийн засаг, нийгэм, хүрээлэн буй орчинд олон эерэг нөлөө үзүүлэх юм. Метротой болсноор үүсэх бодит болон бодит бус үр өгөөж нь хөрөнгө оруулалтын зардлаас хэд дахин илүү байх болно гэдгийг судалгааны баг онцолж байгаа юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.