Гудамж төслийн хүрээнд 122 км хурдны замтай болно

2013-05-13 00:00:00
Улаанбаатар хотын автозамын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх, гэр хорооллын дэд бүтцийг цогц байдлаар шийдвэрлэх “Гудамж  төсөл”-ийг хэрэгжүүлэхийг Засгийн газрын 2013 оны 46 дугаар тогтоолоор шийдвэрлэж төслийн хөрөнгө оруулалтыг “Чингис” бонд болон бусад эх үүсвэрээс холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн гаргахаар болсон билээ. Өнгөрсөн баасан гаригт хуралдсан удирдлагын зөвлөлийн хуралдаанаар “Гудамж” төслийн талаар нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр удирдлагын зөвлөлийн гишүүдэд танилцуулсан юм. Гудамж төсөл нь  автозамын сүлжээний уулзваруудыг шинэчлэн засах, шинэ зам, гудамжийг бий болгож, авто замын сүлжээний нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх зорилго бүхий “Хотын төв” дэд төсөл, гэр хороололд шинээр гудамжны сүлжээг бий болгож, инженерийн дэд бүтцийг цогцоор шийдэх “Гэр хороолол” дэд төсөл, хотын төвийн автозамын хэт ачааллыг бууруулах, нэвтрэх чадварыг дээшлүүлэх “Хурдны зам” төсөл гэсэн гурван дэд бүтэцтэй байх юм.  Энэ онд “Гудамж” төслийн хүрээнд хотын төвийн 33 уулзварыг шинэчлэх, өргөтгөх, хотын төвд шинээр гудамж бий болгох ажил болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн зарим байршлын бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр төлөвлөөд байгаа юм. Түүнчлэн Туул гол, Сэлбэ голын дагуу нийтдээ 122 км хурдны замын зураг төсөл, барилга угсралтын ажлын эхний хэсгийг энэ онд хийхээр төлөвлөжээ. Хурдны замын тухайд танилцуулахад, авто замын хэвтээ тэнхлэгийн дагуу Баянзүрхийн товчооноос Азийн автозамын АН-3 тэнхлэг хүртэл Туулын хурдны зам, авто замын босоо тэнхлэгийн дагуу Хандгайтаас Яармаг хүртэл Сэлбэ голын хурдны замыг барихаар эхний бэлтгэл ажлууд эхэлсэн байна. Туул голын хурдны замын зураг төслийн ажил гүйцэтгэх компаний сонгон шалгаруулалт явуулсан бөгөөд зургийн ажил хийгдэж эхэлжээ. Мөн хурдны замын техникийн даалгавар гүйцэтгэлийн явц 80 хувьтай байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.