О.Чинзориг: Иргэн банк орох шаардлагагүйгээр пос машинаас үйлчилгээ авдаг болно

2019-01-30 12:07:18

Нийслэлээс “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 2019 онд ямар ямар ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа талаар Нийслэлийн мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзоригтой ярилцлаа.

-Дэлхийн хотууд аль хэдийн цахим үйлчилгээнд шилжсэн байна. Манай улс ч мөн адил ухаалаг нийслэлтэй болох хөтөлбөрийг эхлүүлээд нэлээд хугацаа өнгөрч байна. Өнгөрсөн хугацаанд хийсэн томоохон ажлууд дээрээ төвлөрөөд энэ жил ямар ямар үйлчилгээг нэвтрүүлэх гэж байгаа вэ?

-Дэлхийн хотууд технологийн дэвшлийг ашиглаж, төрийн үйлчилгээг сайжруулж байгаа. Энэ жишигт хүрэхийн тулд “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийг гурван чиглэлээр хэрэгжүүлэхийг зорьж байна.

Нэгд, төрийн үйлчилгээг цахимжуулна. Энэ нь төрийн үйлчилгээний хүрээнд авах бүхий л бичиг баримт, лавлах үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж байгаа юм. Ингэснээр авлига хээл хахууль, цаг цаг хугацаа, хүнд суртлыг багасгана. Өнгөрсөн 2017-2018 онд төрөөс үзүүлж буй 50 гаруй үйлчилгээг цахимжуулсан. Нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн портал буюу https://eservice.ulaanbaatar.mn сайтыг нээсэн. Эндээс иргэд цахим үйлчилгээний талаарх мэдээ мэдээллийг авна. Төрийн үйлчилгээний аль нэг цэг дээр биечлэн очих шаардлагагүй. Өөрөөр хэлбэл, иргэн төрийн үйлчилгээ авахын тулд албан байгууллага тойрч гүйх, аль нэг газар оочирлох шаардлагагүй гэсэн үг. Гэхдээ иргэд нэг цонхны үйлчилгээ оочергүй ч, банкан дээр ачаалалтай байна гэдэг. Тиймээс иргэн банк орох шаардлагагүйгээр пос машинаас үйлчилгээ авах боломжийг дөрвөн төв дээр нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Одоогийн байдлаар Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Нийслэлийн архивын газар, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Нийслэлийн байгаль орчны газар, Нийслэлийн газрын алба, Нийслэлийн боловсролын газар гэсэн байгууллагаас авах үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлээд байна.

Мөн дотоод үйл ажиллагаагаа цахимжуулах шаардлага үүссэн. Нийслэлд 3000 гаруй төрийн алба хаагч байна. Бид хоорондоо харилцаж, мэдээлэл солилцоход төвөгтэй байсан. Нутгийн захиргааны байгууллагын дотоод удирдлагын системдээ цахим шинэчлэлт хийсэн. Төрийн өдөр тутмын үйл ажиллагаагаа цахим хэлбэрт шилжүүлж байна. Албан тоотыг хүртэл цахимаар илгээдэг болсон гэсэн үг.

Хоёрт, аюулгүй байдлыг цахимаар шийдэх юм. Үүнийг цахим шилжилт ба аюулгүй хот хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлнэ. Нийслэлийн хөрөнгөөр тавигдсан 1300 орчим хяналтын камер байна. Үүнийг ухаалаг систем гэж хэлэхэд хүндрэлтэй. Бүх камер нь хэвийн ажиллагаатай эсэх нь эргэлзээтэй. Бид камержуулалтыг сайжруулж, хяналтын камераар дамжуулан иргэдийн аюулгүй байдлыг сайжруулах шаардлага үүсээд байна. Камерын тоо хангалттай. Гэвч камерыг сайжруулах, эзэмшүүлэх шаардлага байна. Өнөөдөр ашиглаж байгаа камеруудыг харахад хэний хяналтад байдаг, бүрэн ажилладаг эсэх нь эргэлзээтэй. Тиймээс өнгөрсөн 2018 онд 1300 орчим камерыг шалгаж, дүгнэлт гаргуулсан. Тайлангаа нэгтгээд хотын удирдлагуудад танилцуулна. Ингэхдээ одоо ашиглаж байгаа хяналтын камеруудыг стандартын дагуу сайжруулах, шинэчлэх бодлого төлөвлөгөөг танилцуулах юм.

Гуравт, түгжрэлийн асуудлыг цахимаар шийднэ. Энэ ажлын хүрээнд цагдаагийн байгууллагатай хамтраад нэгдүгээр эгнээнд тавьсан машиныг ачиж, журамлах асуудлыг цахимжуулж эхэлж байгаа. Мөн хоёр машин шүргэлцэхэд жолооч нар цагдаа хүлээгээд маш удаан зогсдог. Энэ хооронд түгжрэл үүсдэг асуудал бий. Үүнийг шийдэхийн тулд шүргэлцсэн жолооч цахим систем рүү зургаа илгээж, даатгалаараа асуудлыг шийддэг системд шилжих журмын төслийг хийж байна.

Үүнээс гадна такси үйлчилгээг цэгцлэх шаардлагатай байгаа. Иргэд такси барих гэж гадаа удаан зогсохгүйгээр цахим системээр такси дууддаг. Тухайн такси нь дуудсан хаягаар нь очдог байх системийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Мөн нийтийн тээврийн асуудал байна. Нийтийн тээврээр зорчих эрхтэй картыг заавал аль нэг цэг дээр очиж цэнэглүүлдэг. Уг картыг халж, ухаалаг утас, банкны картаар ч юм уу, бусад төлбөрийн хэрэгслээр иргэд нийтийн тээвэрт зорчих талаас нь ухаалаг үйлчилгээг нэвтрүүлэхийг зорьж байна.

-Төрийн үйлчилгээг хэрхэн цахим хэлбэрт шилжүүлж байгаа талаар илүү дэлгэрэнгүй тайлбарлаж өгөхгүй юү. Тухайлбал, иргэд ямар ямар үйлчилгээг цахимаар авч болох юм бэ?

-Тухайлбал, иргэд Нийслэл байгаль орчны газраас худаг өрөмдөх зөвшөөрлийг авдаг. Гэтэл гүний худгийг дуртай газраа өрөмддөггүй. Тусгай зөвшөөрлөөр олгодог. Төрийн үйлчилгээг цахимжуулснаар иргэд https://eservice.ulaanbaatar.mn сайтад хандаад хаана гүний худаг ухаж болох тусгай зөвшөөрлөө авч болно. Заавал Нийслэлийн байгаль орчны газар орох шаардлагагүй.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 17 орчим тусгай зөвшөөрлийг олгодог. Эдгээр үйлчилгээг цахимаар авч болно. Иргэнээс цахимаар илгээсэн материалыг төрийн байгууллагын ажилтан хүлээн авч, иргэнтэй буцаж холбогдоно. Иргэн аливаа лавлагаа, зөвшөөрөл авахдаа олон байгууллага дамжих шаардлага байхгүй.

Үүнээс гадна ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн хүүхдийн бүртгэлийг цахимд шилжүүлэхээр төлөвлөж байна. Сугалаа явагдахгүй. Нэгдүгээр ангийн хүүхдүүдийг хамран сургах тойргийн дагуу бүртгэнэ. Өөрөөр хэлбэл, тухайн хүүхдийн эцэг, эхийнх нь амьдарч байгаа газартай ойролцоо орших сургуульд бүртгэх юм. Тэгэхээр Сонгино-хайрхан дүүрэгт амьдарч байгаа эцэг, эх хүүхдээ Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын сургуульд өгөх шаардлага байхгүй. Эцэг, эхийн оршин суух хаягийн тодорхойлолт дээр үндэслээд хүүхдийнх нь сургуулийг автоматаар онооно гэсэн үг. Ингэснээр ерөнхий боловсролын сургуулийн эрхлэгч болон багш нар нэгдүгээр ангид орох хүүхдийн бүртгэл хийхгүй, зөвхөн системээр сурагчдын бүртгэлийг хийнэ.

-Улсын бүртгэл дээр гадаад паспорт шинэчлэхээс эхлээд нэлээд ачаалал үүсдэг. Энэ тал дээр ямар арга хэмжээ авах вэ?

-Улсын бүртгэлийн ерөнхий газраас цахим үйлчилгээг нэвтрүүлж эхэлж байгаа. Тухайлбал, 2019 оны хоёрдугаар сарын 11-ээс гадаад паспортыг цахим хэлбэрээр авна. Мөн бусад төрлийн лавлагааг цахимаар олгохоо мэдээлсэн байдаг.

-Нэгдүгээр эгнээнд тавьсан автомашиныг ачиж, журамладаг асуудлыг цахим хэлбэрт шилжүүлэхээр төлөвлөж байгаа гэсэн. Энэ тал дээр нэмэлт тайлбар өгөхгүй юү?

-Нэгдүгээр эгнээнд тавьсан машиныг заавал цагдаагийн зөвшөөрлөөр ачих ёстой. Тухайн машиныг ачих тухай тэмдэглэгээтэй хуудсыг машины цонхон дээр наасан байдаг. Гэтэл машин ачих зөвшөөрлийн гарын үсгийг цагдаа хэзээ зурсан гэдэг нь асуудалтай. Тиймээс нэгдүгээр эгнээнд тавьсан автомашиныг ачиж, журамлах асуудлыг цахим системд шилжүүлж, ил тод болгохыг зорьж байгаа. Тухайлбал, дүрэм зөрчиж байрлуулсан машины зургийг дөрвөн талаас авч, байршлыг цахим системд илгээхэд цагдаа системийг хянаж үзээд ачих эсэхийг тодорхойлж, системээр дамжуулан зөвшөөрөл олгох юм. Ингэж зөвшөөрөл өгсний дараа ачих эрх үүснэ. Иргэн машинаа ачуулсан бол smartcar.mn-д хандаж болно. Таны ачуулсан машин уг сайтад бүртгэлгүй бол машинаа ачуулсанд тооцохгүй.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.