Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ төлүүлэх тухай

2013-03-15 00:00:00
2013 оны 03 сарын 15 өдөр                                         дугаар А/309                                                 Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн  29.1.3 дахь заалтын “г”,  29.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэг, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 206 дугаар тушаалыг тус тус  үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Нийслэлийн Засаг даргын 2003 оны 01 дүгээр сарын 01-нээс хойш гаргасан захирамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт  дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаас бусад хэлбэрээр газар эзэмшиж, ашиглаж буй иргэн, хуулийн этгээд нь өөрийн эзэмшиж, ашиглаж буй газар дээрээ барилга байгууламж барих хүсэлт гаргасан тохиолдолд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төлүүлсүгэй.
 
2. Нийслэлийн Засаг даргын 2003 оны 01 дүгээр сарын 01-нээс хойш гаргасан захирамжийн дагуу  дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаас бусад хэлбэрээр газар эзэмшиж, ашиглаж буй иргэн, хуулийн этгээдээс газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг  Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 206 дугаар тушаалаар баталсан аргачлалын дагуу  тодорхойлж,  төлбөрийг авч төвлөрүүлэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т үүрэг болгосугай.
 
3 Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төлсөн баримтыг үндэслэн барилга байгууламжийн эскиз зургийг батлаж, барилга угсралтын ажил эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл  олгож ажиллахыг  нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар /Н.Нацагдорж/-т даалгасугай.
 
 
 
 
                                           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                           БӨГӨӨД УЛААНБААТАР
                                           ХОТЫН ЗАХИРАГЧ                                                  Э.БАТ-ҮҮЛ