Барилгын салбарын хөдөлмөр аюулгүй байдалд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгов

2013-04-24 00:00:00
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 4 дүгээр сарын 24-нд боллоо. Хуралдаанаар барилгын салбарын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны чиглэлээр мэргэжлийн хяналтын байгууллагаас хийж буй ажлын явц, цаашид авах арга хэмжээний талаарх мэдээлэл, нийслэлийн нутаг дэвсгэрт нөхөн олговортойгоор газар чөлөөлөх журмын төсөл, газрын үнэлгээ хийж, үнийг тогтоох аргачлалын тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ. 

Барилгын салбарын аюулгүй ажиллагааг хангах талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас зохион байгуулж байгаа ажил болон, цаашид  хийх ажлын төлөвлөгөөний тухай Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын үүргийг  түр орлон гүйцэтгэгч М.Ням-Очир удирдлагын зөвлөлийн гишүүдэд танилцууллаа.

Барилгын салбарт үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд хөдөлмөр аюулгүй  ажиллагааны стандартыг дагаж мөрддөггүйгээс болж эрдэнэт хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэргүүд гарсаар байгаа юм. Тиймээс барилгын салбарын ослыг бууруулахад чиглэсэн ажлыг шат дараатайгаар зохион байгуулах, цаашлаад барилгын ажилд хяналт тавих эрх үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагааг чадавхижуулахад нийслэлийн удирдалгууд анхаарлаа хандуулан ажиллаж байгаа юм.  Энэ дагуу барилгын салбарт ажиллаж байгаа ажилтны болон, тухайн орчинд зорчих иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллах талаар мэргэжлийн хяналтын байгууллага ямар арга хэмжээ авч байгаатай танилцаж, цаашид авах арга хэмжээний тухай хэлэлцэн шийдвэрлэхээр болсон юм.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Ням-Очирын танилцуулснаар өнгөрсөн оны 9 сараас эхлэн нийслэл хотод барилгын ажил эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийж зөрчил гаргасан 498 аж ахуйн нэгжүүдэд зөрчлөө арилгах тухай албан шаардлага хүргүүлсэн байна. Эдгээр байгууллагууддын 64 хувь нь зөрчлөө арилгасан тухайгаа албан ёсоор мэдэгдсэн бол 36 хувь нь хариу ирүүлэгүй байна. Хариу ирүүлээгүй байгууллагуудад зохих хуулийн дагуу хариуцлага тооцжээ. Мөн Мэргэжлийн хяналтын газраас байгууллага аж ахуйн нэгжүүдэд хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллах талаар зөвлөмж хүргүүлж төрийн бус байгууллагууд, гадаадын хөрөнгө оруулалттай томоохон компаниудтай хамтран хэд хэдэн удаагийн сургалтыг зохион байгуулжээ.

Цаашид барилгын салбарын хөдөлмөр аюулгүй байдлыг хангуулж ажиллахын тулд аюулгүй ажиллагааг ханган ажиллах тухай албан шаардлагын биелэлтийг шалгаж, нийслэлд барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийхээр төлөвлөж байгаа юм байна. Харин Мэргэжлийн хяналтын байгууллагаас хийсэн дээрх ажлуудыг хангалттай бус гэж үзэж байгаагаа удирдлагын зөвлөлийн гишүүд хэлсэн юм. Тухайлбал барилга, бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байгаа энэ үед хөдөлмөр аюулгүй байдлыг хангаагүй ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүд бидний нүдэнд ил байхад одоог хүртэл ямар нэг арга хэмжээ аваагүй байгаад шүүмжлэлтэй хандаж байсан юм. Мөн зөвхөн сургалт зохион байгуулж, чиглэл өгснөөр энэ байдал дээрдэхгүй гэдгийг хэлж байлаа.

Барилгын ажлын аюулгүй байдалд бид онцгой анхаарах ёстой. Тиймээс нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дотоод бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт хийх, барилгын хяналт тавих байцаагчийн тоог нэмэгдүүлэх шаардлага байгаа ч онцолж байсан юм. Нийслэлйин Удирдлагын зөвлөлийн гишүүд энэ асуудлыг хэлэлцээд, цаашид барилгын салбарт гарч байгаа ослыг бууруулахын тулд далайцтай ажил хийж, шинэ санаачлага гарган ажиллах хэрэгтэй байгааг сануулаад нийслэл хотод барилгын салбарын хөдөлмөр аюулгүй байдлыг хангах ажиллах тухай журам боловсруулах үүргийг холбогдох албаныханд өглөө.
Газрын үнэлгээ хийж, үнийг тогтоох аргачлал боловсруулжээ
 
Нийслэлд хэрэгжих замын ажил болон инженерийн шугам сүлжээ, барилга байгууламж барих үед төлөвлөлтөд орсон газрыг нөхөн олговортойгоор чөлөөлөх шаардлага гардаг. Тиймээс энэ асуудлыг иргэд болон төрийн байгууллагуудад хохирол багатай шийдвэрлэхийн тулд газрын үнийг тогтоох үнэлгээ хийхдээ дагаж мөрдөх аргачлалыг боловсруулсан байна. Энэхүү аргачлалын тухай нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанд нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат танилцууллаа.

Нөхөн олговорын үнэлгээнд тооцогдох газрын үнийг  зах зээлийн жишиг үнийн харьцуулалтын аргаар тогтоохоос гадна газрын байршил, газрын жишиг үнийн бүс, нийгэм эдийн засгийн нөхцөл байдал, экологийн нөхцөл байдал зэрэг хүчин зүйлсийг харгалзан үнэлэх юм байна. Тодруулбал тухайн газрын байршлаас гадна автобусны буудал хүртлэх зай, ус түгээх байр хүртлэх зай, газрын гадаргын налуужилт, инженерийн дэд бүтцэд холбогдсон, эсвэл холбогдох боломжтой эсэх, орчны байршил болон зам дагуу  байх гэх мэт хүчин зүйлсийг харгалзан ялгавартайгаар үнийг тогтоох юм байна.

Харин газрын жишиг үнийн бүс гэж үнэлгээний ижил төстэй үзүүлэлт бүхий тодорхой хил заагаар тусгаарлагдсан нутаг дэвсгэрийг хэлдэг бөгөөд кадастарын мужийн хуваарийг үндэслэл болгон тогтоодог байна. Энэ дагуу Улаанбаатар хотыг газрын жишиг үнийн 65 бүсэд хуваажээ. Хэрвээ энэхүү аргачлалын дагуу газрын үнэлэгээ тогтооход иргэдийн хэлж байгаа үнэлгээтэй ойр очиж байгаа юм гэдгийг С.Очирбат орлогч онцоллоо.

Удирдлагын зөвлөлийн гишүүд газрын үнэлгээ хийж үнийг тогтоох аргачлалыг хэлэлцээд нийгмийн дэд бүтэц буюу тухайн газар нь дахин төлөвлөлтийн дагуу баригдах эмэнэлэг, сургууль, цэцэрлэгтэй ойр байгаа байдлыг харгалзан үнэлгээнд нэмэх хэрэгтэй гэсэн саналыг хэлсэн юм. Энэхүү аргачлалыг нийслэлийн нутаг дэвсгэрт нөхөн олговортойгоор газар чөлөөлөх журмын хамт НИТХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.