Хашааны газрыг иргэдэд өмчлүүлэх ажил 36 хувийн явцтай байна

2013-04-23 00:00:00
Монголын Мянганы сорилтын сангийн Хөрөнгийн эрхийн төсөл нь “Хашааны газрын өмчлөл ба эрхийн бүртгэлийн ажил”-ыг холбогдох төрийн байгууллагуудтай хамтранУлаанбаатар хотын Сонгинохайрхан, Баянзүрх,Чингэлтэй дүүргийн сонгогдсон хэсгүүдэд хэрэгжүүлж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болон Монголын Мянганы сорилтын сан хоорондбайгуулсан харилцан ойлголцлын Санамж бичгийн хүрээнд нийслэлийн Засаг даргын 2013 оны А/335 тоот захирамжаар тус ажлын хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор “Газар өмчлөлийг эрчимжүүлэх” нэг сарын аяныг 2013 оны 03-р сарын 28-наас эхлүүлээд байна.“Хашааны газрын өмчлөл ба эрхийн бүртгэлийн ажил”-ын хүрээнд дээрх 3 дүүргийн сонгогдсон хэсгүүдэд нийт 46,600 гаруй хашааны газрын хээрийн нарийвчилсан судалгааг хийж, үүнээс дүүргүүдийн Өмч, газрын харилцааны албадаас зөвшөөрсөн, хуульд заасан шаардлагуудыг бүрэн  хангасан боломжит бүх хашааны газруудыг иргэдэд нь өмчлүүлж, улсын бүртгэлийн гэрчилгээг нь гардуулан өгөх юм. Өнөөдрийн байдлаар дээрх 3 дүүргийн хэмжээнд нийт 16,800 гаруй хашааны газарт судалгаа хийгдсэн буюу 36 хувийн гүйцэтгэлтэй байна.
Тус ажлыг гэрээ байгуулсан гүйцэтгэгч байгууллага хэрэгжүүлэх бөгөөд хээрийн судалгааны ажлын үеэр сонгогдсон хэсгүүдийн айл нэг бүрт очиж, иргэдийн газар өмчлөлтэй холбоотой материалыг бүрдүүлэн авч тэднийг төлөөлөн холбогдох төрийн байгууллагатай ажиллахын зэрэгцээ тус ажлыг үнэ төлбөргүй явуулж байгаа нь иргэдийн хувьд ихээхэн ач холбогдолтой юм.
Энэхүү “Газар өмчлөлийг эрчимжүүлэх” нэг сарын аяны хүрээнд нийслэлийн Засаг даргын тамгын газар, нийслэлийн Өмчийн харилцааны газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Монголын Мянганы сорилтын сан болон бусад холбогдох байгууллагууд хамтран иргэдэд зориулсан “Газрын харилцаа,газар өмчлөл-10 жил”ажил танилцуулах өдөрлөгийг 2013 оны 04-р сарын 26-ны өдөр Тусгаар тогтнолын талбай буюу хуучнаар ялалтын талбайд зохион байгуулах гэж байна. Энэхүү өдөрлөгийг “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль” хэрэгжиж эхэлсний 10 жилийн ойг угтан зохион байгуулж байгаагаараа онцлог бөгөөд энэ үеэр нэг сарын аяны хүрээнд газраа өмчлөн авсан дээрх 3 дүүргийн иргэдийн төлөөлөлд газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг нь гардуулан өгөх юм гэж Нийслэлийн Өмчийн харилцааны газраас мэдээллээ.