5-р цахилгаан станц барих газрыг олголоо

2013-04-23 00:00:00
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Газар эзэмших эрх олгох тухай 04 сарын 18-ны өдрийн А/406 тоот захирамж гаргалаа. Уг захирамжийн дагуу Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Ургах наран хороолын урд талын автозам болон төмөр замын хооронд Хөлийн голын хөндийд 43 га газрыг “Улаанбаатар дулааны 5 дугаар цахилгаан станц”-ыг барих зориулалтаар Эрчим хүчний яаманд 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр болов. Мөн тус станцын барилга байгууламжийн архитектур төлөвлөлт, зургийн даалгаврыг боловсруулсны дагуу зураг төслийг батлах, барилга угсралтын ажилд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдоржид, газар эзэмшүүлэх гэрээг зохих журмын дагуу байгуулах, гэрчилгээг олгохыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгажээ. Ингэснээр Улаанбаатар дулааны 5 дугаар цахилгаан станц барих ажлыг эхлүүлэх боломжтой боллоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.