Дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээний загварыг төслөөр баталжээ

2013-04-22 00:00:00
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 3/31 тоот тогтоолоор баталсан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ын 2.1.5 дахь заалтыг үндэслэн, Төслийн Удирдах хорооны тогтоолоор Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч, иргэн /хуулийн этгээд/ хоорондын “Хоёр талт гэрээ”-ний загварыг төслөөр баталжээ.
Энэхүү “Хоёр талт гэрээ”-гээр гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхтэй холбогдуулан иргэдийн газар, үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх, төсөл хэрэгжүүлэх хэлбэрийг сонгох, төлбөрийн хэмжээ ба хугацааг тогтоох, нүүлгэн шилжүүлэх, түр байршуулах, газар чөлөөлөх, газар үл хөдлөх хөрөнгийн эрх шилжүүлэхэд иргэн, төсөл хэрэгжүүлэгчийн хооронд үүсэх харилцааг зохицуулах, талуудын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлох юм. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх Хоёр талт гэрээнд газар, үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигч иргэний зүгээс, Газар, үл хөдлөх эд хөрөнгө нь бусдад барьцаалагдаагүй, төлбөрийн баталгаа болоогүй, шүүхийн шийдвэрээр битүүмжлэгдээгүй, өвийн маргаангүй байх зэрэг иргэдээс хамаарах бичиг баримтын зөрчилгүй байхыг тодорхой заасан бөгөөд хөрөнгийн маргаангүй байх нь талууд харилцан тохиролцоо хийх үндэслэл болохыг тус гэрээнд тусгажээ.        Энэхүү хоёр талт гэрээ нь төсөл хэрэгжих хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөх юм гэж Гэр хорооллын хөгжлийн газраас мэдээллээ.