Ю.Цэдэнбал агсны хөшөөг засварлаж дууслаа

2013-04-22 00:00:00
Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII  бага хурал Улаанбаатар хотноо зохион байгуулагдах болсонтой холбогдуулан нийслэл хотод тохижилтын ажил ид өрнөж байна. Энэхүү тохижилтын ажлын хүрээнд нийслэл хот дахь хөшөө, дурсгалыг сэргээн засварлаж байгаа. 6-7 жилийн өмнө босгосон Ю.Цэдэнбалын хөшөөний суурин хэсэгт цууралт үүсч, нурах аюулд өртөөд байсныг  04 сарын 16-ны өдөр түр буулган, сэргээн засварлаж өнгөрсөн амралтын өдөр хөшөөг эргүүлэн байрлуулсан байна. Энэ талаар  хөшөөг бүтээсэн уран барималч, Төрийн соёрхолт Л.Ганхуягаас зарим зүйлийг тодрууллаа.

-Хөшөөнд засварын ямар ажлууд хийгдэв?

-Ю.Цэдэнбалын хөшөөг бүтээсэн уран барималчийн хувьд миний бие засварын ажилд хяналт тавин ажиллалаа. Засварын ажлыг  “Үүдэн чулуу” компани 3 хоногийн дотор маш чанартай хийж гүйцэтгэсэн. Үндсэндээ энэ хөшөөний суурин хэсэгт цууралт үүссэн, нурах магадлал өндөр болсон байсан учраас суурин хэсгийг буулгаж задлан, дахиж чулуу тавьж  төмөр холбоос хийж засварласан. Хөдөлгөөнгүй маш сайн болсон гэж үзэж байгаа.

-Засвар  хэдэн жилийн баталгаатай вэ, хэдэн төгрөг зарцуулсан бэ?

-Ямар ч байсан ойрын 10 жилдээ дахин засварлахааргүй болсон. Харин угааж, арчих ажлыг энэ жилээс эхлэн хийж байгаад талархалтай хандаж байна. Энэ удаагийн засварын ажилд 5 сая төгрөг зарцуулсан гэлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.