Аялал жуулчлал ба ажил эрхлэлт

2013-04-19 00:00:00
Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын 400 илүү ажлын байр нэг дор зарлагдсан "Аялал жуулчлал ба ажил эрхлэлт" хөдөлмөрийн яармагт  энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулийн оюутнууд болон сонирхсон бусад хүмүүс нээлттэй оролцож байна. Тус арга хэмжээг нээж Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулга хэлсэн үгэндээ "Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт 5 том зорилт дэвшүүлсний нэг нь Ажилтай орлоготой Улаанбаатар буюу нийслэлийн иргэдийг ажлын байраар хангах асуудал юм. Энэ зорилтын хүрээнд өнөөдрийн яармагийг зохион байгуулж байна. Одоогоос 5 жилийн өмнө Монголд 56 их дээд сургууль аялал жуулчлалын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байлаа. Одоо энэ тоо 30 хүртлээ буурсан нь энэ салбарын хөгжил удааширч байгаа хэрэг биш харин ч зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн зарчмаар явагдаж буй үйл явц юм гээд манай сургуулиуд менежер бус мэргэжилтэй ажиллагсад бэлтгэхэд анхаарах цаг болсныг зарлагдсан ажлын байрнуудаас харж болохоор байна гэж онцлов. Мөн Монгол улсын Ерөнхий сайд "Шинэчлэл бол сэтгэл гарган хийх ажил юм" гэж хэлснийг  дурдаад аялал жуулчлалын салбарт сэтгэл гарган хийх олон ажил байгаа, бүх ажилд хөрөнгө, санхүүжилт шаардлагатай гэж харахын оронд боломжоо нэгтгэн  асуудлуудыг шийдвэрлэж болно гэсэн юм. Энэхүү арга хэмжээг Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Хөдөлмөрийн газар, Аялал жуулчлалын үндэсний төв, Аялал жуулчлалын холбоо, Аялал жуулчлалын багш судлаачдын нийгэмлэг, Аялал жуулчлалын тогтвортой хөгжлийн төв, аялал жуулчлалын компаниуд хамтран зохион байгуулж байгаа бөгөөд зохион байгуулагчдын зүгээс ямар нэгэн зардал гараагүйг тэд онцолсон. Хөдөлмөрийн яармагийг төр, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн түншлэлийн бодит жишээ боллоо гэж хэлэх хүмүүс  олон байлаа гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.