Хөрш орнуудын нийслэлийн харилцаа шинэ түвшинд дэвшлээ

2018-10-29 17:04:49

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд тэргүүтэй нийслэл хотын төлөөлөгчид энэ аравдугаар сарын 22-25-ны өдрүүдэд Бээжин хотод албан ёсны айлчлал хийгээд ирлээ. Улаанбаатар хот дэлхийн олон орны 40 гаруй хоттой ах дүүгийн харилцаатайн нэг нь Бээжин хот юм. Хотын дарга айлчлалынхаа үеэр Бээжин хотын дарга Чэнь Жинингтэй албан ёсны уулзалт хийж харилцаа, хамтын ажиллагааны хөгжлийн талаар ярилцаж, хэтийн төлөвөө тодорхойлсон юм.

Мөн Бээжин хотын төлөвлөлт, агаарын бохирдлыг бууруулсан туршлага, замын хөдөлгөөний зохицуулалтын байдал болон шинэ дагуул дүүргийн үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ өдрүүдэд хоёр талын бизнесийн уулзалт болж, Улаанбаатар хотын өдрүүдийн хүрээнд “Өнөөгийн Монгол” гэрэл зургийн үзэсгэлэн, “Улаанбаатарын үдэш” урлагийн тоглолтыг Бээжин хотын үзэчдэд анх удаа хүргэсэн гээд үйл явдал арвин байв.

Хотууд агаарын чанарыг сайжруулах чиглэлд хамтрахаар боллоо

Эдүгээгээс нэгэн бүтэн жарны тэртээ хөрш хоёр орны харилцаа найрсаг байж, Улаанбаатар хотод хятад барилгачдын гараар бүтээн байгуулалт өрнөж байсан түүх бий. Энхтайваны гүүр, Төв цэнгэлдэх хүрээлэн, Спортын төв ордон, Улсын их дэлгүүр, Яармагийн гүүр, орон сууцны барилгууд, Улаанбаатар-Налайхын авто зам, орон нутаг дахь бүтээн байгуулалт гээд нэрлээд байвал олон.

Нэгэн жарны ачаа урсгалыг нуруун дээрээ тээж, өнөөдөр ч үүргээ гүйцэтгэсээр байгаа Яармагийн гүүр, Улаанбаатар-Налайхын зам зэрэг байгууламжийг бүтэн жарны дараа дахин хятад барилгачдын оролцоотойгоор сэргээн шинэчилж байна. Олон жилийн турш толгойн өвчин болсон Төв цэвэрлэх байгууламжийг ч БНХАУ-ын Засгийн газрын 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр шинэчилж буй. БНХАУ-ын буцалтгүй тусламжаар 30 сая ам.долларын хөрөнгөөр Улаанбаатарт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв болон ерөнхий боловсролын 7 сургууль, нэг цэцэрлэг барихаар болсноос гадна БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян 2016 онд Монгол Улсад айлчлахдаа Улаанбаатарын гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах чиглэлд 350 сая юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд албан ёсны айлчлалынхаа хүрээнд Бээжин хотын дарга Чэнь Жинингтэй уулзаж, хотуудын харилцааны өнөөгийн болон хэтийн төлөвийг тодорхойлон ярилцаж, хэд хэдэн чухал тохиролцоонд хүрч чадлаа.

Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Бээжин хотын даргад хандан товч саналууд дэвшүүлсэн юм.

Үүнд, агаар, орчны бохирдол, автомашины түгжрэлийг бууруулах, Бээжин хотоор нэрлэгдсэн шинэ цагийн бүтээн байгуулалт эхлүүлэх, үүнд залуу гэр бүлийг дэмжсэн хороолол байгуулах, байгаль орчин, экологи, нийтийн тээврийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх зэрэг санал багтаж байлаа.

Бээжин хотын удирдлагын зүгээс агаарын чанарыг сайжруулах чиглэлээр Улаанбаатар хоттой хамтран ажиллахад татгалзах зүйлгүйг онцоллоо. Мөн төрийн албан хаагчдыг Бээжин хотод урт, богино хугацаагаар магистрантур, докторантурт сургах, нарийн мэргэжлийн хүмүүсийг бэлтгэх зэргээр хамтран ажиллах боломжтой гээд Бээжин хотоор нэрлэгдсэн шинэ бүтээн байгуулалт хийх асуудлыг судалж үзээд нааштай хариу өгнө гэдгээ илэрхийлсэн юм.

Дэлхийд нэртэй Deloitte ба ухаалаг хотын төлөвлөлт

Улаанбаатар хотын төлөөлөгчид дэлхийд нэртэй Deloitte компанийн Бээжин дэх салбарт зочлов. Дэлхийн дөрвөн том аудитын компанийн нэг нь Deloitte бөгөөд тус компани нь 1845 онд Англид байгуулагдсан түүхтэй. Өнөөдөр тус компани дэлхийн олон орон дахь 700 гаруй салбараараа150 гаруй төрлийн үйлчилгээ үзүүлдэг, Хятад дахь салбар нь л гэхэд өнгөрсөн жил 100 жилийн ойгоо тэмдэглэжээ. Эдүгээ БНХАУ-д 21 салбар ажиллаж байгаагаас Бээжин, Шанхай, Хонконгод хамгийн гол том гурван оффис үйл ажиллагаагаа явуулдаг ажээ.

Deloitte компани нь 2018 оны санхүүгийн жилд  43 тэрбум ам.доллар хол давсан орлого олжээ. Бээжин дэх салбар нь 3300 ажилтантай бөгөөд хууль, аудит, татвар зэрэг салбарт зөвлөх үйлчилгээ үзүүлдэг юм байна.

Deloitte компани Улаанбаатарт салбар төвтэй, удирдлагын менежмент, хууль, санхүүгийн чиглэлээр ажилладаг аж.

Тус компанийн ажлын гол чиглэлийн нэг нь ухаалаг хотын менежмент юм. Дэлхийн том хотууд хотоо хэрхэн иргэддээ нийцтэй, ухаалаг болгох чиглэлээр тэндээс зөвлөгөө авч ажилладаг болжээ. Хот төлөвлөлтийг мэргэжлийн өндөр түвшинд хийдэг ухаалаг хотын мэргэжилтнүүд 25 оронд энэ талын үйлчилгээ үзүүлж байгаа юм.

Ухаалаг хотын чиглэлийн RODAT төсөл л гэхэд замын хөдөлгөөнийг хянаж, замд яваа машинуудын датаг мэдэрч, ослоос сэргийлж, урсгал, чиглэлийг зохицуулах ажил хийдэг байна.

Ухаалаг хотоос гадна ухаалаг боловсрол, ухаалаг барилга, хиймэл оюун ухаан зэрэг олон салбар хөгжиж байгааг компанийн удирдлагууд танилцууллаа.

Монголд өнөөдөр тус компанийн цомхон баг ажиллаж байгаа ч Улаанбаатар хотыг ухаалаг болгох чиглэлд хамтран ажиллах өргөн боломжтой гэж байлаа.

Бизнесийнхэн түншлэлээ өргөжүүллээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын Бээжин хотод хийсэн айлчлалын үеэр хоёр хотын аж ахуйн нэгж, бизнесийнхний уулзалт анх удаа боллоо.  Уг уулзалтыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар худалдааны танхим, Улаанбаатарын хөгжлийн корпораци, Монгол Улсаас БНХАУ-д суух Элчин сайдын яам болон Бээжин хотын захиргаа хамтран зохион байгуулж, хоёр талын 100 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцов.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хоёр хотын цаашдын хамтын ажиллагааны гол хөдөлгөгч хүч нь хувийн хэвшлийнхний түншлэл гэдгийг онцолж байсан юм.

Бээжин хотын Ардын төлөөлөгчдийн Их Хурлын дэд дарга Жан Чин БНХАУ-аас дэвшүүлсэн “Нэг бүс, нэг зам”-ын хөгжлийн гол түшиц нь хоёр улсын нийслэл хот гэдгийг онцлоод “Бээжин хотын аж ахуйн нэгжүүд гадаадад хөрөнгө оруулах сонирхол ихтэй. Ялангуя хөрш зэргэлдээ Улаанбаатар хотод хөрөнгө оруулах хүсэл эрмэлзэл дүүрэн байдаг. Улаанбаатар хотын даргын энэ айлчлалын үеэр анх удаа бизнесийн уулзалт хийж,  хоёр хотын эдийн засгийн харилцааг шинэ шатанд гаргалаа” хэмээж байлаа. Уулзалтын үеэр сэргээгдэх эрчим хүч ашиглах, агаарын чанарыг сайжруулах, ногоон байгууламж, нийтийн тээвэр зэрэг сэдвүүдээр илтгэл хэлэлцэж, биенесийнхэн ганцаарчилсан уулзалт хийн түншлэлээ өргөжүүллээ.

Мөн Улаанбаатар хотын өнөөгийн амьдралыг харуулсан “Өнөөгийн Улаанбаатар” гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэж, Төрийн дээд Чингис хаан одонт, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, Монгол Улсын гавьяат жүжигчин дуурийн дуулаач Б.Эрдэнэтуяа, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Батчулуун, Монгол Улсын гавьяат жүжигчин ятгачин Г.Мөнх-Эрдэнэ тэргүүтэй урлагийн мастерууд ардын язгуур урлаг, сонгодог урлагийн төрлүүдээс бүрдсэн гайхалтай тоглолтоор Бээжин хотын Тяньчяо соёл урлагийн төвийг доргиож, үзэгчдийн талархал хүлээлээ.

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах төлөвлөлт Бээжин хотынхтой дүйж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид айлчлалынхаа үеэр Бээжин хотын хот төлөвлөлтийн музейд зочлон тус хотын ирээдүйн төлөвлөлттэй танилцсан юм.

Анх хэдэн мянганы өмнө ханз үсгийн тэг дөрвөлжин хэлбэртэй төлөвлөгдөж байсан Бээжин хот цагийн уртад энэ ерөнхий хэв шинжээ хадгалсаар иржээ. Өнөөдөр төв цэг Тянь Ань Мэний талбайгаас дөрвөн зүг тийш хэвтээ, босоо тэнхлэг татаж, дөрвөн тэгш хэмт талбай бүхий байхаар хотоо хөгжүүлж байна. Хот хэдий тэлэвч энэ тэгш хам алдагдахгүй хэвээр байх ажээ.

Бээжин хот өдгөө 21 сая хүн амтай бөгөөд 2020 он гэхэд энэ тоог 23 саяас хэтрүүлэхгүй байхаар төлөвлөжээ.

Тус хотын төлөвлөлтийн байдалтай танилцаж байхад Улаанбаатар, Бээжин хотын төлөвлөлтөд ижил төстэй олон зүйл анзаарагдаж байлаа.

Нийслэл Улаанбаатар хотын захиргааг Яармаг тийш нүүлгэж, хотын төвийн төвлөрлийг сааруулах чиглэл барьж байгаа бол Бээжин хотын захиргааг мөн алслагдсан дүүрэг болох Тунжоу тийш шилжүүлж байгаа ажээ. Бээжин хотын төр, захиргааны болон төрийн өмчит байгууллагуудыг үе шаттайгаар хотын зах тийш нүүлгэх юм байна.

Мөн агаарын бохирдлоо багасгахын тулд түүхий нүүрсний хэрэглээг хумьжээ.

Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулахын тулд Аэросити, Майдар зэрэг дагуул хотууд байгуулахаар төлөвлөж буй. Мөн Хөшигийн хөндийд удахгүй нисэх онгоцны шинэ буудал ашиглалтад орно.

Бээжин ч ирэх жил хотоос нэлээд алс зайд Да Шин хэмээх онгоцны шинэ буудалтай болж, түүнийг тойрсон дагуул хоттой болох гэж байна. Бээжингийн төвөөс зүүн хойш 30 км зайд, Бээжин Капитал нисэх онгоцны буудлыг түшиглэсэн Шүнь-И дүүрэгт чөлөөт худалдаа, буухиа шуудан, гаалийн баталгаат агуулах бүхий “Тяньжу” худалдааны чөлөөт бүс ажиллаж байна. Хөшигийн хөндийг түшиглэн байгуулагдах Аэросити дагуул хот ч ийм маягаар төлөвлөгдөж буй.

Улаанбаатар хот зэргэлдээ Төв, Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймагтай хамтран Хөгжлийн алтан гурвалжин байгуулан хот, хөдөөг холбосон бизнес, хамтын ажиллагааг хөгжүүлэхээр болоод буй. Малчид, ногоочдын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг ченжийн гар дамжуулалгүй нийслэлчүүдийн гарт шууд хүргэхээс эхлээд олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломж тэнд бий.

Тэгвэл Хөгжлийн алтан гурвалжин Бээжинд ч бий болжээ. Бээжин хот хаяа залгаа Тяньжин хот, Хэбэй мужтай хөгжлийн төлөвлөгөөгөө уялдуулан хөгжүүлэхээр болсноос үүнийг харж болохоор байлаа.

Зорчигч гээдэггүй нийтийн тээвэр

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид Бээжин хотын Замын хөдөлгөөний хяналтын төвд зочилж замын түгжрэлийг бууруулах чиглэлээр хийж буй ажил, хөдөлгөөний зохицуулалтын байдалтай танилцсан юм.

Бээжин хот 21 сая хүн амтай, 16,8 мянган хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй, төвдөө шууд захирагдах 16 дүүрэгтэй. Хүн амын төвлөрлийг сааруулах бодлого барьж, шилжин ирэх хөдөлгөөнийг хязгаарласнаар 2017 онтой харьцуулахад хүн амаа 22 мянгаар багасгаж чаджээ. Хэдий тийм ч их хот тул замын түгжрэл тулгамдсан асуудлын нэг хэвээр.

Замын хөдөлгөөний хяналтын төвд Бээжин хотын бүх зам, уулзвар, талбай, зогсоолын ачааллыг алган дээр тавьсан мэт харуулсан том самбар байна. Хурдны замуудыг 44 мянган камераар хянаж, метроны 22 чиглэл, зорчигчдын хөдөлгөөний урсгал, ачааллыг 1-10 гэсэн үнэлгээгээр дүгнэж байна. 7-10 гэсэн үзүүлэлт гарч ирвэл хотын замууд дээд зэргээр түгжирлээ гэсэн үг. Түгжрэлгүй замууд ногоон, түгжирсэн нь улаанаар тэмдэглэгдэж, цаг агаарын нөхцөл хүндэрсэн үед аль чиглэлд илүү анхаарал тавих ёстойг ч дэлгэцээр хянан зохих арга хэмжээг авдаг ажээ. Хаана зорчигч унаагүй гээгдэж байгаа нь ч дэлгэцнээ бүртгэгдэнэ.

Нийтийн тээврийн 22 мянган автобусанд байршил тогтоогч суулгаж, графикаараа явж байгаа эсэх, зорчигчдын ачаалал хэр зэрэг байгааг хянадаг аж. Эдгээрээс 1000 орчим автобус 4G камертай, такси үйлчилгээг ч хяналтын системээр хянаж, самбарт улаанаар тэмдэглэгдсэн бол зорчигчтой, ногооноор тэмдэглэгдсэн бол сул явааг харуулна. Нисэх онгоцноос буусан зорчигчдоос л гэхэд хэдэн хүн такси авч, хэд нь такси хүлээж буйг хяналтын камераар ажигладаг байна.

Автобус, метроны буудал, зогсоолын байршлыг ухаалгаар шийдэж, метроноос буусан хүн хол явалгүй дэргэдээсээ автобусанд шилжин суухуйц байхаар төлөвлөжээ. Хотын 5 дугаар тойрог буюу төв хэсэгтээ дугаарын хязгаарлалт үйлчлээд 10 жил болж буй. Харин байгальд ээлтэй буюу ногоон дугаартай машинд хязгаарлалт үйлчлэхгүй.

Замын ачааллыг тогтвортой байлгах үүднээс 2011 оноос шинээр автомашин худалдан авахыг хязгаарлаж, одоогийн байдлаар 6 сая 30 мянган машин тогтмол хөдөлгөөнд оролцож байна. Хязгаарлалт хийгээгүй байхад жил тутам Бээжин хотын автомашин 790 орчим мянгаар нэмэгдэж, түгжрэл үүсэх асуудал тулгамдаж байсан бол 2011 оноос хойш жилд 240 мянган машин л нэмэгддэг болжээ. Харин 2017 оноос жилд 100 орчим мянган машин нэмэгдэж буйн 60 мянга нь байгальд ээлтэй эко машин болсон байна.

Ийнхүү Бээжин хотод зорчигч гээдэггүй, иргэддээ ээлтэй, түгжрэл багатай байхаар замын хөдөлгөөний урсгалыг зохицуулж байна.

Цахилгаан станцгүй Бээжин хот

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд мөн өдөр Бээжин хотын Агаарын чанарын хяналтын төвийн үйл ажиллагаатай танилцав.

Бээжин хотынхон өвлийн улиралд түүхий нүүрс түлж хэрэглэдэг, мөн олон тооны автомашин явж байгаа нь агаарын бохирдол үүсэхэд голлон нөлөөлдөг болохыг тус хотын Агаарын чанарын хяналтын төвийн ерөнхий инженер Юи Жианхуа тэмдэглэж байлаа. Сүүлийн жилүүдэд БНХАУ-ын Төрийн зөвлөл, Бээжин хотын удирдлагын зүгээс агаарын чанарыг сайжруулах чиглэлээр олон талын гарц хайж, багагүй амжилтад хүрээд буйг мөн онцлов.

Агаарын бохирдлыг утаа гаргадаг суурин цэгүүдийн болон хөдөлгөөнт цэг буюу автомашины хяналт гэсэн хоёр чиглэлээр хянадаг аж. Зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн утаа гаргаж байгаа байгууллагуудад сануулга өгч, ихээхэн хэмжээгээр хэтэрсэн тохиолдолд хуулийн хүрээнд бүрмөсөн хаах хүртэл арга хэмжээ авдаг юм байна. Олон улсын холбогдох байгууллагаас Бээжин хотын агаарын чанарт бодитой эерэг үзүүлэлт гарсан хэмээн үзэж сайшаажээ.

Бээжин хотынхон тун удахгүй бүх халаалтаа цахилгаанаар шийддэг болох зорилт дэвшүүлжээ.

Мөн агаарын бохирдлыг бууруулах нэг арга нь ногоон байгууламж хэмээн үзэж хотоо цэцэрлэгжүүлэх чиглэлээр эрчимтэй ажиллаж байгаа юм байна. Ногоон байгууламж нь хотын өнгө үзэмжид ч сайнаар нөлөөлөх давхар ач холбогдолтойг онцолж байлаа.

Бээжин хотод өмнө нь жилд есөн сая хоёр зуун мянган тонн нүүрс хэрэглэдэг дөрвөн цахилгаан станц ажиллаж байсныг хотоос гаргаж, цахилгаанаа алсаас дамжуулан авдаг болжээ. Одоо Бээжинд нүүрс түлдэг цахилгаан станц байхгүй гэнэ.

Бээжин хотынхон дээрх аргуудыг ашиглан агаарын чанараа сайжруулж байгаа бөгөөд туршлагаасаа Улаанбаатар хотын холбогдох байгууллагуудтай хуваалцаж ирсэн байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Улаанбаатарт ирэх 2019 оны тавдугаар сараас эхлэн түүхий нүүрс оруулахыг хориглох, дулаанаар хангах асуудлыг аль болох цахилгаанаар шийдэх зэрэг тодорхой арга хэмжээг авахаар болж байгааг энэ үеэр танилцуулж байлаа.

Аэросити ба Шүнь-И дүүрэг

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид Олон улсын Нисэх онгоцны буудалд түшиглэсэн гаалийн баталгаат агуулах, олон улсын буухиа шуудан, худалдааны чөлөөт бүс бүхий Шүнь-И дүүрэгт зочилсон юм . Энэ дүүрэг нь удахгүй ашиглалтад орох Хөшигийн хөндийн Нисэх онгоцны буудлыг түшиглэн байгуулагдах Аэросити дагуул хотын ерөнхий төлөвтэй төстэй гэдгийг дээр дурдсан.

Шүнь-И нь Бээжин хотын зүүн хойд хэсэгт, хотын төвөөс 30 км-ийн зайд оршдог, нийт 1021 хавтгай дөрвөлжин км талбай эзэлдэг дүүрэг ажээ. Тус дүүрэг шинэ хотын бүтээн байгуулалтын нэг төв цэг төдийгүй Бээжингийн олон улсын нисэх төв буудлын зангилаа бүсэд тооцогддог байна.

Олон улсын нисэх онгоцны буудлын зэргэлдээ оршдог тул бараа, бүтээгдэхүүн, ачаа тээшийг асар богино хугацаанд гаалийн баталгаат агуулах, худалдааны чөлөөт бүсэд татан авчрах боломжтойгоороо онцлог юм. Тэнд хүлээн авсан бараа, ачаа тээшийг кодоор нь дамжуулан шалган нэвтрүүлэх дамжлага, гаалийн баталгаат агуулах, хил дамнасан  цахим худалдааны төв зэрэг 23 аж ахуйн нэгж ажилладаг бөгөөд өдөрт дунджаар 20 мянган ширхэг бараа хүлээн авдаг аж. Цахим худалдааны төвд дэлхийн 10 гаруй орны барааг худалдаалж байна. Тус төвд ХБНГУ, Аргентин, Шинэ Зеланд зэрэг орны нэрийн барааны дэлгүүрүүд ажилладаг бөгөөд удахгүй Улаанбаатар хот өөрийн дэлгүүрээ нээнэ гэдэгт итгэлтэй байгаагаа төвийн удирдлагууд хэлж байв.

Тус төвийг үзэх үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Улаанбаатар хотын ойролцоо нисэх онгоцны шинэ буудал баригдаж, удахгүй ашиглалтад орох гэж буйг онцлоод түүнийг түшиглэн баригдах Аэросити дагуул хот нь Шүнь-И дүүргийн нэгэн адил худалдаа, ложистик, тээврийн зангилаа бүс болно хэмээж байлаа.

Ирэх 2019 онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, Улаанбаатар, Бээжин хотууд Ах дүүгийн харилцаа тогтоож Санамж бичиг байгуулсны таван жилийн ой тохионо. Эдгээр тэгш ойн өмнө Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд тэргүүтэй төлөөлөгчдийн Бээжин хотод хийсэн айлчлал ийнхүү амжилттай боллоо.

 Д.ОЮУНЦЭЦЭГ