Орон гэргүй 41 иргэнийг нийгэмшүүлэн, ажилд оруулжээ

2013-04-16 00:00:00
Архидан согтуурахаас сэргийлэх, хяналт тавих үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэл хотод орон гэргүй тэнэмэл байдлаар амьдардаг иргэдийг эрсдэлээс хамгаалах, нийгэмшүүлэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран хэд хэдэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлжээ. Тухайлбал Нийслэлийн цагдаагийн газраас санаачлан Нийслэлийн ИТХ, Нийслэлийн Засаг даргын Тамгын Газрын санхүүжилтээр орон гэргүй тэнэмэл байдлаар амьдардаг иргэнийг эрсдлээс хамгаалах нийгэмшүүлэх хөтөлбөрийг эхлүүлж, өнөөдөр ажлын үр дүнгээ хэлэлцлээ.

Энэхүү ажлыг Нийслэлийн цагдаагийн газраас Төрийн бус байгууллагуудтай хамтран өнгөрсөн оны 12 сараас эхлэн хэрэгжүүлсэн бөгөөд тусгайлан ажлын хэсэг байгуулан ажиллажээ. Энэ хугацаанд нийслэл хотод тэнэмэл байдлаар амьдарч байгаа 695 иргэнийг илрүүлэн бүртгэлжүүлсэн байна. Эдгээр 695 иргэний 70 нь хүүхэд байсан нь мөн анаахарвал зохих асуудлын нэг гэдгийг ажлын хэсгийхэн онцоллоо.
Орон гэргүй тэнэмэл хэлбэрээр амьдарч байгаа эдгээр хүмүүсийг эрүүл мэндийн үзлэгт хамруулахад дийлэнхи нь сүрьеэ, болон амьсгалын замын, зүрх судас, БЗХӨ-тэй байжээ.

Мөн эдгээр хүмүүсийн 90 хувь нь архинд донтох өвчтэй, архины хамааралтай гэж оношлогдсон байна. Харин хүүхдүүдийн хувьд эцэг эх нь байнга архи уудаг учраас гадуур тэнэдэг гэж хариулжээ. Нийслэлийн цагдаагийн газраас эдгээр хүмүүсийг нийгэмшүүлэхийн тулд ТББ-уудтай хамтран  сэтгэл зүйн эмчилгээг хийсэн байна. Ингээд нийгэмшиж, ажилтай төрөлтэй болох хүсэлтэй 150 гаруй иргэнийг сонгон авч мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад хамруулжээ. Эгэл амьдралын мөр ТББ-ын гүйцэтгэх захирал Ц.Сайхантуяагийн хэлснээр одоогийн байдлаар 41 иргэнийг ажилд зуучлан оруулсан байна.

Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга Я.Байгалмаа хараа хяналтгүй хүүхдүүдийг нийгэмшүүлэх үйл ажиллагааг олон хэлбэрээр явуулж байгаа ч анхаарах олон зүйл байгааг нийслэлийн удирдлагуудад хэлсэн юм. Нийслэлийн хэмжээнд нийтдээ 1669 хүүхэд хараа хяналтгүй байгаа бөгөөд тэдний 29 хувь нь охидууд байгаа юм байна. Хэдийгээр эдгээр хүүхдүүдийг нийгэмшүүлэх, эрсдэлээс хамгаалалхын тулд амсрамжийн газруудад өгсөн ч хүүхдүүдийн зарим нь 1-5 удаа оргосон байна. Тиймээс цаашид хараа хяналтгүй хүүхдүүдийг нийгэмжүүлэх хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ, төрийн байгууллагын уялдаа холбоог сайжруулах, хүүхэд гэр бүлд чигэлсэн үйл ажиллагааг зохион байгуулах зэрэг зохицуулалт хийх хэрэгтэй байгааг хэлсэн юм гэж Нийслэлийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.