Ачааны машины түр зөвшөөрлийг Нийслэлийн тээврийн газар олгоно

2013-04-16 00:00:00
Засаг даргын 2013 оны А/64 тоот захирамжаар Нийслэлийн Тээврийн газар  нь Улаанбаатар хотын доторхи ачаа тээврийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, ачаа тээврийн зохицуулалтыг төлөвлөж хяналт тавих, өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулан зохион байгуулах үүргийг хүлээсэн юм. Энэ хүрээнд ачааны автомашиныг Улаанбаатар хотын гудамж, замын хөдөлгөөнд цагийн хягаарлалттай оролцуулах түр зөвшөөрлийг Нийслэлийн тээврийн газар хариуцан олгож байна. НИТХ-ын Тэргүүлэгчидийн тогтоолоор  Улаанбаатар хотын зам, талбайд замын хөдөлгөөнд оролцох ачааны автомашинд В, С, СЕ гэсэн төрлийн түр зөвшөөрлийг маршруутын дагуу хязгаарлалттайгаар олгож эхэлсэн юм. Мөн НИТХ-ын нэгдсэн хуралдаанаар ачааны авто машины түр зөвшөөрлийн хураамжийг шинэчлэн баталсан. Энэхүү шинэчлэгдсэн журмаар тээврийн хэрэгслийн В зөвшөөрлийг 1 хоногоос 6 сарын хугацаагаар олгох бөгөөд тухайн тээврийн хэрэгсэл  3,5 тн-оос дээш жинтэй бол B зөвшөөрлийг өдөрт 1000 төгрөгөөр авна. Харин  6 сарын хугацаатай авах бол 10 000 төгрөгөөр авах юм.  Мөн  5.5 тн-оос их ачааны автомашин С зөвшөөрөл авах ёстой. С зөвшөөрлийг нэг өдрөөр авах бол 1500 төгрөг 6 сараар авах бол 15 000 төгрөгөөр авна. СЕ ангиллын тээврийн хэрэгсэл буюу чиргүүлтэй болон чирэгч тээврийн хэрэгсэл нь СЕ зөвшөөрлийг нэг өдрөөр авах бол 2000 төгрөгөө харин хагас жилээр авах бол 20000 төгрөгөөр авна. 

Эдгээр зөвшөөрлийг Нийслэлийн тээврийн газраас авна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцэх хэлтсээс мэдээллээ.