Долоон буудлыг Дарханаас 2 дахин том хот болгон хөгжүүлнэ

2013-04-13 00:00:00
Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хотын захиргааны цогцолборыг хотын шинэ дэд төвүүдэд нүүлгэн шилжүүлж, улмаар  хөгжил дагуулсан бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ гэж тусгасан байдаг. Тиймээс Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд нийслэлд шинээр 8 дэд төв барихаар төлөвлөж. Баянхошуу дэд төв , Сэлбэ дэд төвүүдийг Азийн хөгжлийн банкны санхүүжилт, дэмжлэгтэйгээр дахин төлөвлөж, хөгжүүлэхээр талууд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан юм. Энэхүү хөтөлбөрийн дагуу Азийн хөгжлийн банкнаас Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих  төслийг эхлүүлсэн юм. Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Сэлбэ дэд төв буюу Сүхбаатар дүүргийн 14-р хороо, Чингэлтэй дүүргийн 14,18 дугаар хорооны иргэдтэй нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл,  Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн төслийн зохицуулагч Бхарат Дахияа  нар уулзлаа.

Долоон буудал орчмын нийт 156 га талбайг Улаанбаатар хотын 2 дахь дэд төв болгон хөгжүүлэхэд 200 мянган хүн амыг хамарсан үйлчилгээ үзүүлэх бүрэн боломжтой хот сүндэрлэн босно гэж урьдчилан төлөвлөөд байна. Энэ нь Дархан хотоос 2 дахин том  хот болно гэсэн үг юм. 10 жилийн хугацаанд 3 үе шаттайгаар хэрэгжих "Сэлбэ дэд төв"-ийн бүтээн байгуулалтад  Азийн хөгжлийн банкнаас  500 сая ам долларын санхүүжилт  олгох юм.

"Сэлбэ дэд төв"-д урьдчилан төлөвлөж байгаагаар парк, ногоон байгууламж, оршин суугчдын соёл амралтын 2 томоохон хүрээлэн барихаас гадна, сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэргийг  барихаар төлөвлөж байна. Гэхдээ Азийн хөгжлийн банкны энэхүү төслийг УИХ-аар хэлэлцэж хэрэгжүүлэх эрхийг нь өгөх юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ