Хотын захирагч “Гачуурт эх” үүсвэр төсөлтэй танилцлаа

2013-04-07 00:00:00
Монгол Улсын Засгийн Газрын хөрөнгө болон Япон Улсын Засгийн Газрын 30 сая ам долларын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор Гачуурт эх үүсвэр төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр Туул голын ай савын Гачуурт дахь хэсэгт 21 гүний худаг шинээр барьж олборлосон усыг Гачуурт усан санд хуримтлуулан ариутган цэвэршүүлсний дараа шинээр тавигдах ф700 мм-ийн диаметр бүхий хоолойгоор дамжуулан Улаанбаатар хотын зүүн, хойд бүсийн усан санд нийлүүлж хотын ус хангамж, тэр дундаа гэр хорооллын усан хангамжийг нэмэгдүүлэх юм.

Монгол Улс болон Японы Засгийн газар хооронд байгуулсан гэрээгээр Гачуурт эх үүсвэр төслийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэх нөхцөл боломжоор хангах үүргийг Монголын тал хүлээж, шугамын трасст орсон газрыг өөрсдийн хөрөнгөөр чөлөөлөхөөр заасан байна. Цэвэр усны гол шугамын угсралтын ажлын явцад шугамын трассын дагуу байгууллага, иргэдийн газар, байшин, цахилгааны шонгууд, авто зам, дулаан, цэвэр, бохир усны худаг, цахилгаан, холбоо, дулааны шугмын газрыг чөлөөлөхөд нийтдээ 1813,4 сая төгрөг зарцуулах тооцоо гарчээ.  Тиймээс нийслэлийн Засаг дарга захирамж гарган газар чөлөөлөхөд шаардагдах хөрөнгийг нийслэлийн 2013 оны төсвийн хөрөнгө оруулалтын газар чөлөөлөх нөхөн олговорын батлагдсан зардлаас гүйцэтгэлийн дагуу санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Өнгөрсөн Бямба гарагт нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл  Гачуурт эх үүсвэр төслийн цэвэр усны шугамын дагуу газар чөлөөлөх бэлтгэл ажилтай танилцлаа.

Энэхүү төслийг японы хамтын ажиллагааны Жайка байгууллга хэрэгжүүлж байгаа бөгөөд газар чөлөөлөхөд шаардлагатай хөрөнгийн асуудлыг шийдвэрлэсэн урчаас бэлтгэл ажил бүрэн хангагджээ. Нийтдээ 81 нэгж талбарт газар чөлөөлөхөөс гадна  229 айл өрх, 18 аж ахуйн хашаа, авто замтай огтолцох 6 хэсэгт газар чөлөөлөх юм байна. Төслийг хэрэгжүүлэгч байгууллага, гачууртаас зүүн хойд бүсийн усан сан хүртлэх магистрал шугамд шилээр хүчитгэсэн пластик болон шилээр хүчитгэсэн зуурмагийн нийлмэлээс бүтсэн пластик хоолойг цэвэр усны шгумад ашиглана гэж хотын захирагчид танилцуулсан юм. Энэхүү хоолой нь хөнгөн жинтэй, нягтаршил ихтэй, бат бөх, эдэлгээ удаан бөгөөд угсархад хялбар, хүчил шүлтэнд тэвсэртэй тул хөрс, усны төрөлд ашиглах бүрэн боломжтой зэрэг олон давуу талтай юм байна. Төлөвлөгөөний дагуу Гачуурт усан сангийн шугамын ажил энэ оны 8 сараас эхлэх юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.