Амгалан дулааны станцын барилгын ажил 5 сараас эхлэх боломжтой

2013-04-07 00:00:00
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл 2013 оны 4 дүгээр сарын 6-ны Бямба гарагт БЗД-ийн 8 дугаар хороо “Амгалан” дулааны станц барих газар чөлөөлөх ажлын байдалтай танилцлаа.

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 35, 55 дугаар тогтоолоор Амгалан дулааны станц байгуулахаар шийдвэрлэж, энэхүү станцыг барих Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо нутаг дэвсгэрт 10,8 га газрыг 2013 оны 4 дүгээр сарын 1-ний дотор чөлөөлөх арга хэмжээ авч ажиллахыг нийслэлийн Засаг даргад даалгасан юм. Амгалан дулааны станц барихаар төлөвлөсөн газарт “Халаалтын зуухны ашиглалт зохицуулалтын газар” нийслэлийн өмчийн үйлдвэрийн газрын УС-15-ын уурын зуухны барилга, тоног төхөөрөмж байрлаж байгаа юм.  УС-15-ын барилга хуучирч муудсан ч уурын зуухны тоног төхөөрөмжийг Монголын Мянганы сорилтын сангаас шинэчлэх ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

Тиймээс газар чөлөөлөхтэй холбогдуулан тус газар дээр байрлаж байгаа барилга байгууламжийг буулгаж, шинээр суурилуулсан тоног төхөөрөмжийг шилжүүлэн суурилуулах шаардлагатай болжээ. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор УС-15-ын тоног төхөөрөмж, барилга байгууламжийг акталж нийслэлийн өмчийн бүртгэлээс хассан юм.  Одгоогоор урдчилсан байдлаар 987 сая орчим төгрөгийг барилгыг буулгах, газар чөлөөлөх ажилд зориулах тооцоо байга бөгөөд 5 сарын 1 гэхэд газар чөлөөлөлтийн ажлыг бүрэн дуусгахаар төлөвөлжээ. Хэрвээ төлөвлөсөн хугацаандаа газар чөлөөллөх ажлыг хийж гүйцэтгэвэл шинээр барих Амгалан дулааны станцын барилга угсралтын ажил хугацаандаа эхэлж 12 дугаар сард Нэгдүгээр ээлжийн зуухаа ашиглалтад оруулах юм байна.

Амгалан орчмын гэр хороолол болон хотын зүүн бүсийн гэр хорооллыг дахин төлөвлөж, амины тохилог орон сууцны хороолол болгон хөгжүүлэхэд энэхүү шинээр баригдах дулааны станцыг түшиглэн айл өрхүүдийн дулааныг бүрэн шийдвэрлэх боломжтой болно гэж Нийслэлийн Засаг дарга хэллээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийтэй харилцах хэлтсээс мэдээллээ.