Нийслэлийн Засаг дарга хот тохижилтын ажилтай танилцав

2013-04-07 00:00:00
Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын VII бага хурлыг дөрөвдүгээр сарын 27-29-нд эх орондоо зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байна. Дэлхийн 140 орчим орныг эгнээндээ нэгтгэсэн Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг манай улс 2011 оноос эхлэн даргалж ирсэн бөгөөд энэхүү бага хурлыг эх орондоо зохион байгуулж байгаа явдал нь АОХН-ийг даргалах хугацаандаа хийсэн ажлын үр дүн гэж зохион байгуулагчид үзэж байна.  Энэхүү бага хурлын үеэр 140 гаруй орны 1000 орчим хүндтэй зочид төлөөлөгчид манай улсад айлчлахаас гадна 10 гаруй орны төр, засгийн тэргүүн, мөн тооны дэлхий дахинаа нэр хүндтэй улс төрийн зүтгэлтнүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн хүндэт зочноор уриад байна.  

Ардчилсан орнуудын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурлын үеэр дэлхий нийт Монголыг тольдож, эх орноо Олон улсад сурталчилан таниулах том үүрэг Монгол улсын иргэн бүрт ногдож байгаа байгаа учраас  хурлын үйл ажиллагаа, зохион байгуулалт, хотын тохижилт, бүтээн байгуулалтад  Төр, Засгийн тэргүүнээс гадна, Нийслэлийн удирдлагууд ихээхэн анхаарал хандуулан ажиллаж байна.

Тиймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл өнгөрсөн Бямба гарагт \2013 оны 4 дүгээр сарын 6\ Нийслэл хотод хийгдэж байгаа хот тохижилтын ажил байдалтай танилцлаа. Хотын захирагчийн очсон эхний газар бол Сүхбаатарын талбайн урд талын Хонхтой цэцэрлэг байлаа. Энэхүү цэцэрлэгийн тохижилтыг Улаанбаатар банкны санхүүгийн дэмжлэгтэйгээр Платнинум” ХХК болон “Эрчим оюу” ХХК-иуд гүйцэтгэж байгаа бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас ажилд хяналт тавин ажиллаж байна. Төлөвлөж байгаа хугацаагаар бол хонхтой цэцэрлэгийн тохижилтын ажил энэ сарын 20-нд дуусах ёстой  юм. Гүйцэтгэгч компанийн тайлбарлаж байгаагаар газар хөлдүү байгаа учраас тохижилтын ажил бага зэрэг хүндрэлтэй байна. Гэхдээ бид хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэх болно гэв.

Хотын захирагч хамгийн гол нь энэхүү цэцэрлэгт хүрээлэн иргэдэд нээлттэй, амарч тухлахад нь таатай орчин байх ёстой. Ногоон байгууламжийг тойруулан хашаа барих биш харин ч нээлттэй, иргэд шууд орон амрах, тухлах боломжтойгоор тохижилт хийх хэрэгтэй гэсэн юм. Энэхүү цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламж, мод зүлгийг шинэчилж гэрэлтүүлэг, усан ориглуур хийнэ. Мөн цэцэрлэгт хүрээлэнд 10 метр тутамд модон сандал, хогийн сав байрлуулж байгаагаас гадна иргэдийн зорчих замыг өргөсгөнө. Хотын захирагч хамгийн чухал нь энэхүү бүтээн байгуулалтыг хариуцах эзэнтэй болгож, байнгын арчлалт, хамгаалалт хийх ёстойг холбогдох албаныханд сануулсан юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч хонхтой цэцэрлэгийн тохижилттой танилцсаны дараа Төрийн ордны зүүн талд байрлах хуучнаар Сүхбаатарын нэрэмжит Хэвлэх үйлдвэрийн байрыг хашаажуулах ажилтай танилцлаа. Одоогоор энэхүү барилга  нь хэний эзэмшилд байгааг шүүхээр эцэслэн тогтоогоогүй байгаа учраас буулгах, нураах зэрэг ажлыг хийх боломжгүй гэж нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар танилцуулсан юм. Тиймээс эхний ээлжинд хэвлэх үйлдвэрийн гадуур барьсан хашааг  шинэчилж,байшинг барилгын тороор бүрэхээр болсон байна. Шүүхийн шийдвэр эцэслэн гарсны дараа энэ газрын асуудлыг шийдвэрлэх юм. 

Мөн энэ өдөр хотын Захирагч ХУД-ийн Зайсан цогцолбор, Бурхантай цэцэрлэгийн зам талбай, цэвэрлэгээ, орчны тохижилт төлөвлөлттэй танилцсан гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.