Нийтийн тээврийг хөгжүүлэхэд БНСУ-тай хамтран ажиллахаар боллоо

2013-04-05 00:00:00
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Зам тээврийн сайд Э.Гансүхийн урилгаар манай улсад айлчилж байгаа БНСУ-ын Тээврийн Аюулгүй Байдлын Ерөнхийлөгч  Ил Ён Чун болон албаны бусад хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Бүгд Найрамдах Солонгос Улс нь нийтийн тээврийг өндөр түвшинд хөгжүүлсэн орнуудын нэг бөгөөд тэдний туршлагыг Улаанбаатар хотод хэрэгжүүлэх нь хамгийн оновчтой шийдэл гэж нийслэлийн удирдлагууд үзэж байгаа юм. БНСУ-ын хувьд нийтийн тээврийн салбарыг хөгжүүлж, түгжрэлгүй, аюулгүй нийтийн тээврээр иргэдийг хангахын тулд ажиллаж байгаа бөгөөд гадаадын иргэдэд такси үйлчилгээ эрхлэхзөвшөөрөл олгохгүй байх, автомашины зогсоолгүй, гражгүй иргэдэд автомашин худалдан авах эрх өгөхгүй байх зэрэг шийдэмгий алхмуудыг хийж байсан нь иргэдийн эсэргүүцэлтэй ихээхэн тулж байжээ. Харин метро барьж, нийтийн тээврийн замыг тусгаарлаж эхэлсэн нь зөв шийдэл болж, одоо ч метро барих ажлууд үргэлжилж байгаа гэлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Танай улсын туршлагыг нийслэл Улаанбаатар хотод нутагшуулахад хамтран ажиллах саналтай байгаа бөгөөд эхний ээлжинд нийтийн тээврийн хэрэгслийг нэгдүгээр эгнээгээр зорчуулах, зам дагуух зар сурталчилгааны самбарыг цэгцлэх, метро барих төслийн ажлыг эхлүүлэх  гээд тодорхой ажлуудыг хийгээд байна. Цаашид энэ чиглэлээр илүү үр дүнтэй ажлууд хийхээр төлөвлөж байна” гэлээ. Харин БНСУ-ын Тээврийн Аюулгүй Байдлын Ерөнхийлөгч  Ил Ён Чун хамтран ажиллахад таатай байгаагаа илэрхийлээд, та бүхэн ард түмнийхээ хэрэгцээ, эрүүл, аюулгүй орчинг хангахад анхааран ажиллаж буй нь нийслэл Улаанбаатар хотын ирээдүйг гэрэл гэгээтэй  харагдуулж байна. Бидний хамтын ажиллагаа удахгүй үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна гэлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.