“Ахмадын орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлнэ

2013-04-05 00:00:00
“Ахмадын орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлнэ
 
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаан 2013 оны 4 дүгээр сарын 5-нд болж, хуралдаанаар Ахмадын орон сууц-4000 хөтөлбөр, Их тойруугийн гудамжны тохижилтын тухай, Улаанбаатар хотын авто замын сүлжээг сайжруулж, түгжрэлийг бууруулах төслийн тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ.  
"Ахмадын орон сууц-4000" хөтөлбөрийн тухай Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун Удирдлагын зөвлөлийн гишүүдэд танилцууллаа.
Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт ахмад настны болон нийгмийн эмзэг бүлгийн иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эхчүүдэд амьдрах орчноо сайжруулах, байгаль орчноо нөхөн сэргээх, ногоон ажлын байр бий болгох, хамтарч ажиллах боломжийг бүрдүүлнэ гэж тусгасны дагуу “Ахмадын орон сууц-4000” хөтөлбөрийг боловсруулсан гэдгийг тэрээр тодотгон хэлсэн юм.
 
Нийслэлийн хэмжээнд албан ёсоор нийслэлийн удирдлагад орон сууцны өргөдөл гаргасан 10 000 гаруй иргэн байснаас 1700 гаруй ахмад дайчин, өндөр настнуудын орон сууцыг шийдвэрлэжээ. Одоогоор орон сууцны өргөдөл хүссэн 8000 гаруй иргэн байгаа бөгөөд эдгээр асуудлыг шуурхай шийдвэрлэх нэг гарц нь “Ахмадын орон сууц хөтөлбөр” гэж үзэж байна гэдгийг мөн онцолсон юм.  “Ахмадын орон сууц 4000” хөтөлбөрийн хүрээнд баригдах орон сууцанд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан орон гэргүй болсон иргэд зөвхөн ашиглалтын зардлаа төлөн түрээсийн гэрээгээр амьдрах боломжтой байх юм байна.
 
Гэхдээ тухайн иргэний амьдрах орон сууцыг түүний өмчлөлд шилжүүлэхгүй, нийслэлийн өмчлөлд байлгах юм.  Тодруулбал, нийслэлийн өмчийн нийтийн орон сууцанд оршин суух иргэн түрээсийн гэрээний үндсэн дээр тодорхой хугацаанд ашиглалтын зардлаа төлөн амьдрах юм байна. “Ахмадын орон сууц-4000” хөтөлбөрийн санхүүжилтийг нийслэл болон орон нутгийн төсөв, нийслэлийн төсөвт төвлөрүүлэх газар, үл хөдлөх хөрөнгийн төлбөр, хандив тусламж, бусад эх үүсвэрээс  бүрдүүлж, 2016 онд ашиглалтад оруулах боломжтой гэж үзсэн байна.
 
Удирдлагын зөвлөлийн гишүүд энэ асуудлыг хэлэлцээд хамгийн гол нь оршин суугчидтай хийх гэрээг маш ойлгомжтой, хатуу хийх ёстой. Ямар нэг байдлаар бусдад худалдсан, бэлэглэсэн зөрчил гаргавал хэрхэн нөхөн төлүүлэх тухай гэрээндээ тусгах ёстой гэдгийг хэлж байлаа.  Нийслэлийн Засаг дарга, ахмадын орон сууц хөтөлбөр бол Монгол Улсад хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа анхны томоохон зорилтот хөтөлбөр юм. Гэхдээ үүнийг ахмадуудын асрамжийн газар гэж ойлгож болохгүй. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, цаашилбал моргежийн зээл авах нөхцөл нь бүрдээгүй байгаа залуу гэр бүлүүдэд үзүүлэх томоохон дэмжлэг юм. Тиймээс энэ асуудлыг дэмжин, НИТХ-ын нэгдсэн хуралдаанд өргөн барьж хэлэлцүүлэн, шийдвэрлүүлэх ёстой гэлээ. Удирдлагын зөвлөлийн гишүүд энэхүү асуудлыг хэлэлцээд НИТХ-ын нэгдсэн хуралдаанд өргөн барихаар боллоо.
 
                                                     Их тойруу доторхи гудамж талбайг шинээр тохижуулна

Улаанбаатар хотын нарны замаас хойшхи Их тойруу доторх 61 гудамж талбайг хамруулан нийт 318 га талбайд тохижилтын ажил хийх төслийн тухай Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанд Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж танилцууллаа. Тохижилтын ажлыг Нарны замаас хойш Их тойруугийн гудамж доторхи хотын гол гудамж, өргөн чөлөө, цэцэрлэгт гудамж, зам талбай бүхий газруудад хийхээр төлөвлөсөн байна.
 
Нийслэлийн нийгэм эдийн засгийн зорилтот хөтөлбөр болон  Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн  “Агаар цэвэр Улаанбаатар” зорилтын хүрээнд хотын орон зайн төлөвлөлтийг сайжруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, зам талбайг шинэчлэн сайжруулж, байнгын үйл ажиллагааг хангах тухай тусгасан байдаг. Тиймээс  Улаанбаатар хотын сул шороон хөрс бүхий гудамж талбайг зүлэгжүүлэх, усан оргилуур, гэрэлтүүлэг, амрах орчин бүхий талбай бий болгох, явган зорчигчийн нүхэн гарц, гүүрэн гарц, дугуйн, гүйлтийн зам барьж байгуулахаар энэхүү тохижилтийн зураг төслийг боловсруулжээ.  Ерөнхий архитекторын хэлж байгаагаар улс болон нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар жил бүр тохижилтын ажлыг хийдэг боловч байнгын үйл ажиллагааг хангаж ажилладаггүй, ашиглалтын хяналт хангалтгүй байгаагаас хийсэн ажлууд үр дүнгүй болох нь элбэг байдаг байна. Иймд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад ойр орчмын тохижилтыг өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлэх, байнгын ашиглалт хамгаалалтыг хариуцуулах боломжийг бүрдүүлэх нь тохижилтын ажлыг илүү үр дүнтэй болгоно гэж үзэж байгаа юм байна.   
 
Энэхү төслийг боловсруулахдаа, Их тойруу доторхи гудамж талбайг 6 зэрэглэлд ангилан төлөвлөж, зэрэглэл тус бүрийн зам, ногоон байгууламж, хашаа хайс, гэрэлтүүлэг барилга, хаяг, сурталчилгаа болон бусад бүрдэл хэсэг бүрт тавигдах шаардлагыг нарийн зааж өгсөн байна. Тухайлбал нэгдүгээр зэрэглэлийн тохижилтод их тойруу, бага тойруу болон бусад өргөн чөлөөнүүд багтсан байна. Энэ хэсгийн тохижилтын ажлын цэвэр талбай нь 44,7 га байгаагаас явган зам 29,3 га, дугуйн зам 9,9 га, ногоон байгууламж 5,5 га талбай байгаа юм байна. Энэ хэсэгт 10 гүүрэн гарц, 6 нүхэн гарц хийхээр төлөвлөжээ. Харин 2 дугаар зэрэглэлийн тохижилтод хотын чанартай гол гудамжууд багтсан бөгөөд 12,2 га нь явган зам, 2,9 га талбайд дугуйн зам, 4,8 га талбайд ногоон байгууламж хийхээр төлөвлөж байгаа юм байна. Их тойруугийн хэмжээнд 6 байршилд газар доорх нүхэн гарц, 13 байршилд явган зорчигчийн гүүрэн гарц барихаар төлөвлөсөн байна.
 
Удирдлагын зөвлөлийн гишүүд  Их тойруу доторхи тохижилтын ажлын талаар хэлэлцээд “Улаанбаатар метро” төсөл болон Эдийн засгийн хөгжлийн яамнаас хэрэгжүүлэх “Гудамж” төсөлтэй уялдуулахыг санууллаа. Мөн энэ ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт болон иргэд оршин суугчид, аж ахуйн нэгж, байгууллагын хандив туслалцаа, оролцоотойгоор гүйцэтгэх ёстой гэсэн юм.  Удирдлагын зөвлөлийн хуралдаанаас их тойруу доторхи 61 гудамж, талбайн 809 га талбайд батлагдсан зураг төслийн дагуу хийж гүйцэтгэх тохижилтын хөрөнгийн эх үүсвэрийг НИТХ-д өргөн барьж хэлэлцүүлэхээр тогтлоо.  
 
Нийслэлд шинээр 85 уулзвар замыг нээж, авто замын сүлжээг сайжруулна

Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулж, түгжрэлийг багасгах зорилгоор нийслэлийн зүгээс хэд хэдэн томоохон ажлыг хийгээд байгаа ч Улаанбаатар хотын машины тоо жилд 22,4 хувиар нэмэгдэж байгаа нь авто замын ачааллыг нэмэгдүүлж, замын түгжрэлийг үүсгэсээр байгаа юм. Тиймээс Улаанбаатар хотын авто замын сүлжээний ашиглалтыг сайжруулж, түгжрэлийг бууруулахын тулд нийслэлийн гол болон туслах гудамж уулзварын нэвтрүүлэх чадварыг сайжруулж, олон төвшний огтолцол барих зорилгоор Улаанбаатар хотын автозамын сүлжээг сайжруулж, түгжрэлийг бууруулах төслийг боловсруулжээ. Энэхүү төслийн тухай Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанд танилцууллаа.

Улаанбаатар хотын авто замын сүлжээг сайжруулж, түгжрэлийг бууруулах төлөвлөлтийн хувилбарт төлөвлөгдсөн 212 байршлаас эхний ээлжинд шууд хэрэгжүүлэх боломжтой 173 байршил байгаа юм байна. Эдгээр 173 байршлын авто замын саадыг арилгаж, хорооллын дотор шинээр 103,460 метр квадрат замыг байгалийн чулуугаар, бусад байршилд 25,8 км авто замыг шинээр барьснаар 85 уулзвар замыг нээх юм байна.  Байгалийн чулуугаар авто зам тавих нь өртөг хямд, нэг удаагийн хөрөнгө оруулалтаар барьсан тохиодолд байнгын засвар арчлалтын зардлыг хэмнэх боломжтой, өнгө загварын хувьд орчны байдалтай сайн зохицдог, авто машинууд хурдаа сааж явах тул осол аваар багатай, түүхий эд материалыг дотоодтоо үйлдвэрлэх боломжтой зэрэг олон давуу талтай юм байна. Тиймээс хорооллын доторхи замуудыг байгалийн чулуугаар барих нь илүү зохимжтой гэдгийг тэрээр онцлон хэлсэн.  
 
Мөн Улаанбаатар хотын авто замын сүлжээг сайжруулах төслийн хүрээнд нийслэлийн 5 дүүргийн авто замын саадыг арилгаж, шууд нэвтрэх боломжтой болгох юм байна. Тухайлбал, Баянгол дүүргийн 1-9 дүгээр хороонд шинээр 27,597 метр квадрат авто зам тавьж 51 саадыг арилгах, Чингэлтэй дүүрэгт 1-6 дугаар хороонд нийтдээ 8 428  метр квадрат зам тавьж, 12 замын сайдыг арилгаж нийтдээ нийслэлийн 5 дүүргийн 35 хороонд 103,460 метр квадрат авто замыг барих юм байна. Өөрөөр хэлбэл Чингэлтэйгээс Баянгол, Баянголоос  Сүхбаатар дүүрэг хүрэхийн тулд заавал олон замаар тойрч явахгүйгээр шууд очих боломжийг нээх юм. 

Улаанбаатар хотын авто замын сүлжээг сайжруулж, түгжрэлийг бууруулах төслийн үр дүнд хорооллын дундах авто замын саадыг арилгаж, шинэчилснээр хороолол доторхи хөдөлгөөний эрчим сайжирч, замын хөдөлгөөний ачаалал 20 гаруй хувиар буурна гэж тооцжээ.

Удирдлагын зөвлөлийн гишүүд энэ асуудлыг хэлэлцээд энэхүү төслийн хөрөнгийн асуудлыг холбогдох байгууллагуудтай хамтран яаралтай шийдвэрлэж, төслийг хэрэгжүүлэх бүтээгдэхүүний үнийн санал, судалгаа гаргахыг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт үүрэг болгосон юм. Хөрөнгийн асуудлыг эцэслэн НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдвэрлэх юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.