Сурталчилгааны самбарыг цэгцэлж байгааг иргэд дэмжлээ

2013-04-03 00:00:00
Нийслэлийн ИТХ-ын 2013 оны 2 дугаар сарын 25-ны хуралдаанаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журмыг хэлэлцэн баталсан билээ. Энэхүү журам батлагдсанаар Улаанбаатар хотын өнгө төрх, замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа зар сурталчилгааны самбаруудыг 2013 оны 3 дугаар сарын 1-ээс цэгцлэх ажил эхэлсэн юм.  Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас өчигдөр сурталчилгааны самбарыг цэгцлэх үйл ажиллагааны талаар нийслэлийн иргэдээс санал асуулга авлаа.
“Сурталчилгааны самбарыг цэгцлэхээр явуулж байгаа үйл ажиллагааг Та дэмжиж байна уу?” гэсэн асуулттай санал асуулгыг насанд хүрсэн, бизнес эрхлэгч, нийслэлийн иргэдээс сонгон мессежээр санал авахад санал асуулгад нийт 1,133 иргэн оролцжээ. Санал асуулгад оролцсон иргэдийн 85 хувь нь буюу  965 иргэн сурталчилгааны самбаруудыг цэгцэлж байгааг  дэмжсэн байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.