Гэр хорооллын иргэдийн санал санаачлагыг дэмжих сан байгуулна

2013-04-02 00:00:00
Нийслэлийн Засаг дарга бөгөөд  Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл болон  АНУ-ын Азийн сангийн суурин төлөөлөгч МелониК.Линдберг нар “Гэр хорооллын иргэдийн санал санаачлагыг дэмжих сан” байгуулах тухай болон “Мэдээлэл харилцаа холбооны технологи, иргэдийн мэдээллийг ашиглан хотын хог хаягдлын менежментийг сайжруулах төсөл”  хэрэгжүүлэхэд хамтран ажиллах тухай хоёр гэрээнд гарын үсэг зурлаа. Австралийн Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Азийн сангаас дээрх төслүүдийг хэрэгжүүлж байгаа юм. “Гэр хорооллын  иргэдийн санал санаачлагыг дэмжих  сан” байгуулагдсанаар гэр хорооллын иргэд, оршин суугчдын ахуй амьдралыг сайжруулах, мөн хотын зүгээс авч хэрэгжүүлж буй нийтийн үйлчилгээний чанар,  хүртээмжийг сайжруулахад чиглэсэн санал санаачлагыг дэмжин, энэчиглэлээр төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж, улмаар хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлнэ. Мөн гэр хорооллын иргэдийн амьдарлыг сайжруулах зорилгоор иргэдийн зүгээс гарсан шинэ санаа, санаачлагыг хөхүүлэн дэмжинэ. Азийн сангаас хэрэгжүүлж буй “ Улаанбаатар хотын гэр хороолол дахь нийтийн үйлчилгээг сайжруулах” хөтөлбөрийн хүрээнд 2013 онд Гэр хорооллын ажлын албадын үйл ажиллагааг дэмжиж, албадыг тухайн хариуцсан хороод дүүрэгтээ идэвхтэй, иргэдэд хүртээмжтэй үйл ажиллагаа зохион байгуулахад нь тусална. Мэдээлэл, харилцаа холбооны технологи, иргэдийн мэдээллийг ашиглан хотын хатуу хог хаягдлын менежментийг сайжруулах төсөл нь гэр хорооллын иргэдийн амьдрах орчинг сайжруулахад чиглэж байна. Ингэхдээ үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудад тооцох хариуцлагыг нэмэгдүүлж, байршил тогтоох GPS систем болон мессеж ашиглан иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ. Улаанбаатар хотын захиргаа болон АНУ-ын Азийн сан нь 2012 оны 12 сараас хойш хамтран ажиллаж байгаа бөгөөд шинээр байгуулагдсан гэр хорооллын ажлын албадын стратеги төлөвлөлт болон чадавхийг сайжруулах чиглэлээр ажиллаж байна. Улаанбаатар хотын гэр хорооллын нийтийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр АНУ-ын Азийн сан “Улаанбаатар хотын гэр хороолол дахь нийтийн үйлчилгээг сайжруулах” хөтөлбөрийг 2012 оны 5-р сараас хэрэгжүүлж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.