Г.Дашням: Түрээсийн дугуйг хулгайлах оролдлого гарч байна

2018-07-19 08:52:44

Нийслэл хот албан ёсны түрээсийн дугуйн үйлчилгээтэй болоод 10-аад хоног болж байна. Энэ хугацаанд дугуй хэрэглээнд хэр нэвтэрсэн, эрэлт ямар байгааг “Никель Ганбаа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Дашнямаас тодруулсан юм.

- Дугуйны гар эвдэрсэн тохиолдол гарсан байна. Ер нь дугуйнуудад эвдрэл гэмтэл хэр гарч байгаа вэ?

- Ер нь бол техник л юм болохоор жижиг гэмтлүүд гарч байгаа. Дугуй хагарах, хонх, цацруулагч нь алга болох гэх мэт тохиолдлууд түгээмэл байна.

Гар хугарсан тухайд бол дугуйтайгаа онхолдсон эсвэл хүчтэй цохисноос үүдэн хугарсан байж болзошгүй гэж бодож байгаа. Бидний зүгээс арай ч санаатайгаар хугалаагүй байх гэж найдаж байна. Гар хугарсан тохиолдлын дараа нэг хэрэглэгчээс хоёр гарыг холбож гагнавал илүү бат бөх болох болов уу гэсэн санал ирсэн. Бид саналыг нь судалж үзээд нэмж хөндлөвч гагнаж байна.
 

Гар нь хугарсан дугуй /Гэрэл зургийг mpa.mn/


Техник гэдэг утгаараа байнгын засвар үйлчилгээ хийгдэх ёстой учраас тасралтгүй үйлчилгээ хийж, алга болсон хонх цацруулагчийг нөхөж суурилуулаад дахин үйлчилгээнд гаргаж байна.

- Танай компанийн хувьд дугуйн үйлдвэрлэлээр мэргэшсэн туршлагатай гэж ойлгож байгаа. Дээрх эрсдэлүүдийг ер нь тооцоолж байсан уу?

- Бид 6, 7 жил унадаг дугуй үйлдвэрлэж байна. Түрээсийн дугуйг үйлдвэрлэж эхлэхдээ гадны орнуудын туршлагыг судалж, олон улсын стандартад нийцсэн зарим талаараа давуу гэж хэлж болох дугуйг үйлчилгээнд гаргаж байгаа.

Тухайлбал, гадны орнуудад түрээсийн дугуй хийлдэггүй хаймар резинэн дугуйтай байдаг. Харин манай дугуйнууд хийлдэг дугуйтай. Резинэн дугуй хатуу учраас байнга хэрэглэвэл бөөрөнд муу гэж үздэг юм байна лээ. Тиймээс бид хэрэглэгчиддээ аль болох тав тухтай, аюулгүй байлгах үүднээс хийлдэг дугуйтай үйлдвэрлэсэн.

Мөн дугуй хагарлаа гээд бид хэрэглэгчээс нэмж төлбөр авахгүй байгаа. Учир нь энэ бол гарч болох эрсдэл гэдгийг бид тооцоолсон.

Энэ мэтчилэн бидний зүгээс аль болох хэрэглэгчиддээ тав тухтай, аюулгүй байлгах чиглэлээр ажиллаж байна. Эргээд хэрэглэгчдээсээ ганц л зүйлийг хүсч байгаа. Дугуйгаа хайр гамтай унаарай. "Миний хувийн дугуй биш" гэсэн хандлагаар бус харин тантай адил түгжрэхгүйгээр ажлаа амжуулахаар яарч яваа олон хөдөлмөрч хүмүүсийн хэрэглээ гэдгийг ойлгоорой.

- Дугуйн хэрэглээ хэр байгаа вэ. Эхний ээлжинд гаргасан 100 дугуй үйлчилгээнд хүрэлцэж байна уу?

- Яг өнөөдрийн байдлаар 96 дугуй үйлчилгээнд гарсан байна. Ер нь бол өдөр ирэх тутам хэрэглээ нь нэмэгдэж, хэрэглэгчдийн хандлага ч нааштай байгаа. Аппликейшнээс харахад түрээсийн дугуйг тогтмол хэрэглэж байгаа нэлээн хэдэн үйлчлүүлэгчтэй болсон.

Харин хэрэглэгчид маань дугуйгаа гэртээ, гараашдаа оруулах тохиолдол гараад байна. Зогсоолууд дээрээ тогтмол дугуйтай байлгахын тулд бид зогсоолоос бусад газар үлдээсэн дугуйнуудаа цуглуулахаар GPS-ээ хараад явдаг. Ингээд GPS заасан газар яваад очихоор орон сууцны, гараашийн гадаа оччихдог. Тэгэхээр тэр олон айлын хаана нь байгааг мэдэх аргагүй болоод байгаа юм. Тиймээс дугуйгаа хэрэглэж болсон бол дараагийн яарч байгаа хүмүүст хэрэглүүлнэ гэдгээ ухамсарлаад гадна цоожлоод үлдээж байгаарай гэж хэлмээр байна.

Цагаар нь тооцоод түрээсэлж байгаа учраас гэртээ оруулж болох юм шиг ойлгоод байгаа. Харин үйлчилгээний маань гол зорилго аль болох олон хүн хотын түгжрэлд сааталгүй ажлаа амжуулахад оршиж байгаа. Хэрэглээ маань хуваалцах дээр суурилах ёстой.

Мөн хэдэн удаа дугуй хулгайлах оролдлого гарсан. Дугуйг машинд ачиж яваад, GPS-г салгах оролдлого хийж байна.