Чингэлтэй дүүргийн VII хороонд дэд бүтцийн төвийн шав тавих ёслол болов

2018-06-08 16:58:39

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн долдугаар хорооны Хувьсгалчдын гудамжны 13,14,15 дугаар хэсгийн нийт 200-300 өрхөд Нийслэлийн төсөв, хөрөнгөөр Сервис центр буюу “Гэр хорооллыг бие даасан болон хэсэгчилсэн инженерийн хангамжаар хангах дэд бүтцийн төв” төслийг хэрэгжүүлэхээр болоод байгаа билээ. Уг төсөлд хорооны нутаг дэвсгэрийн 201 нэгж талбарыг хамарсан 14 га газар багтсан юм.

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын дундуур Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Чингэлтэй дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, холбогдох газар, агентлагийн дарга нарын хамт тус хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Гэр хорооллыг бие даасан болон хэсэгчилсэн инженерийн хангамжаар хангах дэд бүтцийн төв” төслийн явц, байдалтай танилцаж, иргэдийн төлөөлөлтэй уулзсан юм.

Тэгвэл өнөөдөр Гэр хорооллын бүсэд хэсэгчилсэн буюу бие даасан инженерийн хангамжийг нэвтрүүлэх “Дэд бүтцийн төв” төсөл хэрэгжих шатандаа орж шав тавих ёслол боллоо. Энэ хэсэгт нийт 201 айл хамрагдаж байгаа юм байна. Уг арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Чингэлтэй дүүргээс сонгогдсон НИТХ-ын төлөөлөгчид, дүүрэг, хорооны удирдлага, иргэдийн төлөөлөл оролцлоо.

Нийслэлийн  Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд энэ үеэр хэлсэн үгэндээ “Гэр хорооллын дэд бүтцийн төв нь иргэдийн хувьд хувьсгалын чанартай томоохон ажил болж байна. Олон жил гэр хорооллын иргэд энгийн модон жорлонтой, хөрсний бохирдолтой нөхцөлд амьдарч ирлээ. Одоо бид амьдралын хэв маягаа өөрчилж, нөхцөл байдалдаа шинэчлэлт, өөрчлөлт хийх хэрэгтэй. Энэ нь  амьдралын хуучин хэвшилд хувьсгалын чанартай өөрчлөлт болох юм. Энэ төсөл гэр хорооллын иргэд болон бидний хувьд хүч, хөдөлмөр шингэсэн төсөл юм. Төслийг хугацаанд нь хэрэгжүүлж ажил болгохын төлөө хамтдаа ажиллана. Бид 50 байршилд төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ төсөлд төр, хувийн хэвшил, иргэд хамтран оролцож байгаагаараа онцлог юм” гэлээ.

Тэрээр мөн сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Өнөөдрийг хүртэл нийслэлийн гэр хороолол ХХ зууны эхэн үеийн шинжээрээ байсан. Тэгвэл одоо ХХI зууны 20-иод он болох гэж байна. Амьдралынхаа нөхцөл байдлыг сайжруулах цаг болсон. Орчныг нь сайжруулахаар хүний өөрийн амьдралын хэв маяг, соёл дагаад өөрчлөгдөнө. Энэ төслийг хугацаанд нь чанартай хийх нь чухал. Ажлыг төр, иргэд, хувийн хэвшил хамтарч гүйцэтгэнэ гэдгээрээ онцлог” гэв.

Энэхүү төсөл хэрэгжсэнээр 20-30 мянган айл өрхийн инженерийн дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдэж 61.3 га газрын хөрсний бохирдлын эх үүсвэрийг устгах юм. Мөн Улаанбаатар хотын гүний усны нөөц, эх үүсвэрүүдийг хамгаалах, бохирдох эрсдэлийг бууруулж, 439,200 м3 хөрсийг нөхөн сэргээх ажээ.

Шав тавих ёслолын үеэр Сервис центр байгуулах талаар Хувьсгалчдын гудамжны 14,16 дугаар хэсгийн зарим иргэний сэтгэгдлийг сонслоо.

ИРГЭН Л.ӨЛЗИЙМАА:

- Манайх энэ газраа 20 жил амьдарч байна. Хүүхдүүд тусдаа гараад ам бүл хоёулаа үлдсэн. Байрнаас дутахааргүй тохилог амьдрах байх гэж их өндөр сэтгэгдэлтэй байна. Манайх бэлтгэлээ хангаад шинэ байшин барьж байгаа. Ийм сайхан ажил эхэлж байгаад маш их баяртай байна.

Иргэн Б.Дэлгэр:

-Манайх энэ хороондоо 20 шахам жил амьдарч байна. Ам бүл дөрвүүлээ, байшинд амьдардаг. Одоо шинэ орчиндоо тааруулсан илүү гоё байшинтай болно гэж бодож байгаа.

Иргэн  Р.Даваасүрэн:

-Бид энэ газраа 20 гаруй жил амьдарч байна. Ам бүл дөрвүүлээ байдаг. Ажил эхэллээ. Сэтгэл их өндөр байна. Хэр хэмжээгээрээ энэ ажилд нь тусалж дэмжинэ.

Иргэн Д.Баасанжав:

-Сервис центрийн шав тавьж байгаад өндөр сэтгэгдэлтэй байна. Ажлын гараа сайхан эхэлж байгаа болохоор амжилттай явна гэж бодож байна. Иргэд ч өөрсдийн зүгээс сайхан тусалж дэмжих байх.

Иргэн Т.Баярням:

Манайх ам бүл тавуулаа. Бид дэд бүтцээр хангагдсан сайхан орчинд, өөрийнхөө амины орон сууцанд аятай тухтай сайхан амьдрах юм байна гэж бодож байна. Агаар, орчны бохирдолгүй сайхан болно. Удаан байна гэж шүүмжилдэг боловч Улаанбаатар хот маань өдрөөс өдөрт хөгжиж байна. Бидний сэтгэл хангалуун байна. Бэлтгэлээ ер нь хангасан.

Иргэн Б.Мягмар:

-Сэтгэгдэл их өндөр байна. Маш их баярлаж байна. Хот маань нэг үеэ бодвол их сайхан ажлыг бодитоор хийдэг боллоо. Манайх бэлтгэлээ базаагаад л байгаа.

Иргэн Т.Орхон:

-Сайхан ажил эхэлж байна. Баярлаж байна. Бэлтгэлээ хангасан. Удахгүй шинэ сайхан орчинд амьдарна гэж хүн бүр л баяртай хүлээж байна.

Иргэн Д.Лхагваа:

-Их сайхан байна. Манай долдугаар хорооны иргэд маш таатай орчинд амьдрах юм байна. Бэлтгэлээ хангаад хүлээж байна.