Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай

2013-03-15 00:00:00
2013 оны 03 сарын 15 өдөр                                         дугаар А/304                                                 Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай  хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Газрын харилцаа, хот төлөвлөлт, барилгажилтад гарч буй зөрчлийг таслан зогсоох, цаашид авах арга хэмжээний тухай” 2012 оны 3/10 дугаар тогтоолын 3 дахь хэсгийн 3.5, 3.6 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
Нэг. Иргэн С.Бат-Очирт Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 5 дугаар сургуулийн баруун талд үйлчилгээний зориулалтаар 240 м2 газрыг нийслэлийн Засаг дарга Газрын тухай хуулийг зөрчиж  нийтийн эдэлбэрийн газрын гудамж, зам талбайд, дуудлага худалдаа, төсөл  шалгаруулалт явуулалгүйгээр газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байршилд эзэмшүүлсэн байх тул нийслэлийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 159 дүгээр захирамжийн иргэн С.Бат-Очирт, хууль зөрчиж олгосон газрын эрхийг иргэн Б.Энхмаад шилжүүлсэн нийслэлийн Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 86 дугаар захирамжийн иргэн Б.Энхмаад, иргэн Н.Анандад шилжүүлсэн  2011 оны 05 дугаар сарын 13–ны өдрийн 396 дугаар захирамжийн иргэн Н.Анандад холбогдох заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
 
Хоёр. Газар эзэмшүүлэх  шийдвэрийг хүчингүй болгосонтой холбогдуулан газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль тогтоомжид нийцүүлэн хүчингүй болгох, газрыг хамгаалалтад авч төрийн өмчид бүртгэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/, газар чөлөөлөх ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /М.Ням-Очир/, нийслэлийн Цагдаагийн газар /Д.Батжаргал/-т тус тус даалгасугай.
 
 
 
            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
            БӨГӨӨД УЛААНБААТАР
            ХОТЫН ЗАХИРАГЧ                                                 Э.БАТ-ҮҮЛ