Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай

2013-03-15 00:00:00
2013 оны 03 сарын 15 өдөр                                             дугаар А/241                                             Улаанбаатар хот
  
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Газрын харилцаа, хот төлөвлөлт, барилгажилтад гарч буй зөрчлийг таслан зогсоох, цаашид авах арга хэмжээний тухай” 2012 оны 3/10 дугаар тогтоолын 3 дахь хэсгийн 3.5, 3.6 дахь заалтыг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:
 
Нэг. Иргэн Э.Ганболдод Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 2 дугаар сургуулийн зүүн талд үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 500 м2 газрыг нийслэлийн Засаг дарга Газрын тухай хууль зөрчин нийтийн эдэлбэрийн газрын гудамж, зам талбайд дуудлага худалдаа, төсөл шалгаруулалт явуулалгүйгээр, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байршилд эзэмшүүлсэн байх тул нийслэлийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 21–ний өдрийн А/119 дүгээр захирамжийн иргэн Э.Ганболдод холбогдох заалтыг хүчингүй болгосугай.
 
Хоёр. Газар эзэмшүүлэх шийдвэрийг хүчингүй болгосонтой холбогдуулан газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль тогтоомжид нийцүүлэн хүчингүй болгох, газрыг хамгаалалтад авч төрийн өмчид бүртгэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/, газар чөлөөлөх ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /М.Ням-Очир/, нийслэлийн Цагдаагийн газар /Д.Батжаргал/-т тус тус даалгасугай.
 
 
 
 
                       НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                       БӨГӨӨД УЛААНБААТАР
                       ХОТЫН ЗАХИРАГЧ                                             Э.БАТ-ҮҮЛ