Газар эзэмших эрх олгох тухай

2013-03-14 00:00:00
2013 оны 03 сарын 14 өдөр                                       дугаар А/189                                                   Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.2, 21.2.3; 33 дугаар зүйлийн 33.1.1, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Техникийн зөвлөлийн 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн хурлаас гаргасан дүгнэлтийг үндэслэн улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2013 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтад тусгагдсан /8/ барилга байгууламжийн газрын байршил, хэмжээ, зориулалтыг дараах байдлаар тогтоон 5 жилийн хугацаатай газар эзэмших эрх олгосугай. Үүнд:  
 
1.1. Нийтийн тээврийн газарт Таксийн зогсоолын зориулалтаар Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Жаргалант” үйлчилгээний төвийн хойд талд байршуулан 0.013 га
 
1.2. Нийтийн тээврийн газарт Таксийн зогсоолын зориулалтаар Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хасбаатарын гудамжинд VI бичил хорооллын баруун урд талд байршуулан 0.013 га
 
1.3. Нийтийн тээврийн газарт Таксийн зогсоолын зориулалтаар Сонгинохайрхан дүүргийн 29 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сүлжмэлийн үйлдвэрийн автобусны зогсоолын хойд талд байршуулан 0.013 га
 
1.4. Нийтийн тээврийн газарт Таксийн зогсоолын зориулалтаар Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Энхтайваны өргөн чөлөөнд “Пирамид” худалдааны төвийн урд талд байршуулан 0.013 га
 
1.5. Нийтийн тээврийн газарт Таксийн зогсоолын зориулалтаар Баянзүрх дүүргийн 14 дугаар хорооны нутаг дэвсгэрт Намъянжугийн гудамжинд “Сандей” худалдааны төвийн баруун талд байршуулан 0.013 га
 
1.6. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд Нэвтрэлттэй хонгилын системийн барилга байгууламжийн зориулалтаар Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 120 мянгатын Ус дулаан дамжуулах төвөөс орон сууцны 8 дугаар байр хүртэл шинээр барих 70 м халаалт, халуун, хүйтэн усны гадна шугам сүлжээг хонгилын системд оруулах байгууламжид зориулан 0.042 га

1.7. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд Нэвтрэлттэй хонгилын системийн барилга байгууламжийн зориулалтаар Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт I хорооллын 3 дугаар ус дулаан дамжуулах төвийн гадна инженерийн шугам сүлжээг хонгилын системд оруулах шинээр барих 233 м байгууламжид зориулан 0.139 га
 
1.8. Соёл, спорт, аялал жуулчлалын яаманд Үндэсний урлагийн ордны барилгын газрын зориулалтаар Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт тус дүүргийн Шүүхийн барилгын урд талд байршуулан 1.1 га
 
2. Дээрх барилга байгууламжийн орчны ерөнхий төлөвлөгөө, архитектур төлөвлөлтийн шийдлийг хянан батлахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар /Н.Нацагдорж/, барилга угсралтын ажилд захиалагчийн хяналт тавихыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Л.Нарантуяа/, газар эзэмших гэрээг байгуулж, гэрчилгээ олгон газрын бүртгэлд бүртгэх, баригдсан барилга байгууламжийг зохих журмын дагуу нийслэлийн өмчид бүртгэж, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т тус тус  даалгасугай.
 
 
 
 
               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА 
               БӨГӨӨД УЛААНБААТАР
               ХОТЫН ЗАХИРАГЧ                                               Э.БАТ-ҮҮЛ