Үүрэг даалгавар

2013-03-11 00:00:00
НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2013 ОНЫ 03 ДУГААР САРЫН 11-НИЙ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ- ҮҮЛ БОЛОН НИЙСЛЭЛИЙН УДИРДЛАГУУДЫН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
 
2012.03.11
 
НЭГ. Төсвийн ерөнхийлөн захирагч нарын багцад тусгагдсан 2013 онд худалдан авах бараа, ажил, үйлчилгээний захиалгыг төсөл, арга хэмжээ бүрийн техникийн тодорхойлолт, техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, ажлын даалгавар болон бусад шаардлагатай мэдээллүүдийг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар төвлөрүүлэн авсан байх. Тус газар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газартай ажлын уялдаа холбоо сайтай ажиллах.
            Засгийн газрын хуралдаанд төсвийн тодотголд санхүүжилтийг нэмж тусгах, эсхүл уг төсөл арга хэмжээг бүхэлд нь хасах талаар төсвийн ерөнхийлөн захирагч нараас ирүүлсэн саналыг хэлэлцэхийн өмнө манай өгсөн санал ямар хэмжээнд танилцуулагдахаар төлөвлөгдсөнийг нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны газрын дарга, нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч нар урьдчилан танилцах.
 
ХОЁР. УИХ-ын 2012 оны 60 дугаар тогтоолын 4 дүгээр заалт, Засгийн газрын 2013 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуралдааны 7 дугаар тэмдэглэлд заасныг хэрэгжүүлэх зорилгоор “Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгуулахаар ирүүлсэн саналыг газар дээр нь очиж нягтлан эрэмбэлэх, барилга байгууламж, объектын талаархи бодит мэдээллийн сан бүрдүүлэх үүрэг бүхий ЭЗХЯ, ҮХААЯ, Хөдөлмөрийн яам, БХБЯ-ны хамтарсан ажлын хэсэг байгуулагдаад байна. Энэ ажлын хэсгүүд дүүрэгт ажиллахад дүүргүүдийн Засаг дарга, ИТХ-ын дарга, төлөөлөгчид идэвхтэй оролцон дээрх ажлыг хамтран зохион байгуулах.
 
ГУРАВ. Нийслэлийн хэмжээнд он дамжин хийгдэж байгаа болон энэ онд шинээр төлөвлөгдсөн ажлуудыг хугацаанд нь гүйцэтгэх бэлтгэл, зохион байгуулалтыг холбогдох байгууллага, албан тушаалтнууд хугацаа алдахгүй хийх.
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанаас хөрөнгө оруулалтын холбогдолтой асуудлаар хэд хэдэн удаагийн тэмдэглэлээр өгсөн үүргийн хэрэгжилтийн явцад нийслэлийн ЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс хяналт-шинжилгээ хийж дараагийн шуурхай зөвлөгөөнд танилцуулах.
           
ДӨРӨВ. Нийслэлийн Өмчийн харилцааны газар төсөвт болон төрийн өмчит байгууллагуудтай /586 байгууллага/ “Өмч эзэмших гэрээ”-г шинэчлэн байгуулж байгаа учир дүүргүүдийн ЗДТГ гэрээ байгуулах ажлын явцыг түргэтгэх, өнгөрсөн онд шинээр байгуулагдсан нэгжүүдтэй гэрээ байгуулахад хамтран ажиллах.
           
ТАВ. Дүүргүүдийн удирдлагууд шинээр томилогдсон болон ЗДТГ, харъяа байгууллагуудад бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийгдсэн, тохижилт, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд эхлэхтэй холбогдуулан албан тушаалтнуудыг мэдээллээр хангах зорилгоор нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Өмчийн харилцааны газар зэрэг мэргэжлийн байгууллагууд дүүрэг, хороодод тухайн нутаг дэвсгэрийн инженерийн шугам сүлжээ, үл хөдлөх хөрөнгийн байршил бүхий дэвсгэр зургуудыг шинэчлэн гаргаж хүргүүлэх.
Дүүргүүдийн ЗДТГ, эрх шилжүүлэн ажил гүйцэтгэсэн байгууллагууд гүйцэтгэсэн ажлын тухай мэдээллээ мэргэжлийн байгууллагуудад тухай бүр ирүүлж нийслэлийн мэдээллийн санд оруулдаг эргэх холбоотой ажиллах.
 
ЗУРГАА. Нийслэлийн удирдлагууд нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2013 оны зорилтыг календарьчилсан төлөвлөгөөнд заасан хугацаанд хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах. 2013 оны 3 дугаар сарын 01-ний байдлаар хэрэгжүүлсэн байх арга хэмжээнүүдийн тоогоор: Н.Батаа 11, С.Очирбат 134, Н.Гантөмөр 37, Ц.Энхцэнгэл 7, Ц.Буяндалай 6, Т.Бат- Эрдэнэ 39, Б.Бадрал 54, Н.Нацагдорж 40, Ё.Гэрэлчулуунд 38 байна. /Жишээ: Хотын төв хэсэгт авто замын  үзэгдэх орчин хязгаарласан рекламын байгууламжуудыг 2013 оны 03 дугаар сарын 01-ний дотор буулгах үүргийг Захирагчийн ажлын албанд өгсөн боловч хэрэгжээгүй/
 
 ДОЛОО. Дулааны улиралд халдварт өвчний дэгдэлт нэмэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор золбин нохой устгалыг эрчимжүүлэх, ил задгай хог хаягдлыг цэвэрлэх ажлыг Захирагчийн ажлын алба, Хот тохижилтын газар, дүүргүүдийн ЗДТГ энэ сард зохион байгуулах.
 
НАЙМ. Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураалт, үзлэг тооллого, оношлогооны ажлыг эхнээс нь жигд явуулах чиглэлээр нийслэлийн Татварын газар, Замын цагдаагийн газар, дүүргүүдийн ЗДТГ-ууд ажлаа уялдуулах, үзлэг тооллогын явцад замын сангийн хөрөнгийг бүрдүүлэх.
 
ЕС. Захирагчийн ажлын алба, дүүргүүдийн ЗДТГ, нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Усны барилга, байгууламж компани зэрэг газрууд нийслэлийн эргэн тойронд тогтсон их хэмжээний цас хайлж шар усны аюул учрах, авто болон явган хүний зам, гүүрэн байгууламж эвдрэх, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Д-1000-ын орчмын хөрсний усны халиа, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Сэлбэ голын  гольдрилын дагуу суурьшсан өрхүүд үерт автахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй авах.
 
АРАВ. Нийслэлийн ЗДТГ, Архивын газартай хамтран нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдах ажилтнуудад албан хэрэг хөтлөлтийн стандартаар сургалт зохион байгуулах.
 
АРВАН НЭГ. Нийслэлийн хэмжээнд хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, тохижилтын ажлын гүйцэтгэх хугацаа, нийт хэмжээний талаар холбогдох байгууллагууд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчилах.
 
АРВАН ХОЁР. Захирагчийн ажлын алба бичвэрүүд нь тухайн цаг үетэйгээ нийцэхгүй болсон, өнгө үзэмж муутай зар сурталчилгааны самбар, рекламын байгууламжуудыг буулгах.
 
АРВАН ГУРАВ. Нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжил, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч дарга нар Улаанбаатар хотын тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх асуудлаар төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж үр дүнг тооцох.
 
АРВАН ДӨРӨВ. Нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс тендерт шалгаран ажил гүйцэтгэж байгаа компануудад урьдчилгаа болон гүйцэтгэсэн ажлын санхүүжилтийг тухай бүр өгч байх.
 
АРВАН ТАВ. Хотын хөрөнгөөр хийгдэх тохижилт, орон сууцны байрын лифт шинэчлэх, дээврийн засварын ажил гүйцэтгэх эрхийг дүүргүүдийн Засаг дарга нарт шилжүүлэх.
 
АРВАН ЗУРГАА. Малчдад туслах хөдөлгөөнийг нийслэлийн төсөвт байгууллагуудын дунд өрнүүлэх.
 
АРВАН ДОЛОО. Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа 2014 оны төсвийн хүрээний мэдэгдлийг ИТХ-д танилцуулан Сангийн яаманд хуулийн хугацаанд хүргүүлэх.
Дүүргүүд хог тээвэрлэлт, ногоон байгууламжийн асуудлыг бие даан шийдвэрлэхтэй уялдаж төсвийн тодотгол хийх.
 
             
                                    НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 
                                   ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС
БИЕЛЭЛТ