П.Баярхүү: Гэр хороололд “Сервис центр” байгуулагдсанаар 1000 яндан байхгүй болно

2018-01-23 10:46:29

-ЭНЭ ОНД 1000 ЯНДАН, 1000 ЖОРЛОНГ БАЙХГҮЙ БОЛГОНО-

Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хороолол хөгжлийн асуудлыг хариуцсан орлогч дарга П.Баярхүүтэй гэр хорооллыг хаус хороолол болгох “Сервис центр” төслийн ажлын талаар ярилцлаа. Гэр хорооллын айлууд удахгүй хашаандаа дэд бүтэц, төвийн шугам татуулан өөрийн эзэмшлийн газартаа орон сууцанд амьдрах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа юм. Эхний ээлжийн “Сервис центр” ирэх 11 сард Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд ашиглалтад орох аж.

-Гэр хороололд “Сервис центр” ашиглалтад орно гэсэн мэдээлэл байгаа шүү дээ. Хэзээнээс барилгын ажил эхлэх вэ?

-Энэхүү “Сервис центр” нь ирэх дөрөвдүгээр  сард барилгын ажил эхлээд 11 сард ашиглалтад орно. Тэр бол Чингэлтэй дүүргийн дол дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах байгаа. Тодруулбал энэхүү “Сервис центр” дэд бүтцийн төв нь гэр хорооллын айлууд хашаа руугаа инженерийн дэд бүтцийн төвөө оруулсан. Ингэснээр эхний ээлжид 200-300 гэх хорооллын айлыг хотхон хэлбэрээр хөгжүүлэх гэж байгаа юм. Тэндээ авто замтай, гудамж хооронд асфалтан, бетон, чулуун замтай, гудамж талбай бүрэн камерын системд бүрэн холбогдсон. Мөн гэрэлтүүлэг маш өндөр хийгдэх юм. Нэг ёсондоо Зайсангийн хотхон шиг тиймэрхүү болгох гээд зорьж ажиллаж байна. Ингэснээр гэр хорооллыг шинэ шатанд аваачих гээд байгаа юм.

Энэ “Сервис центр” нь тухайн хэсгийн гэр хорооллын айлууд тэр чигтээ ногоон байгууламж бүхий хотхон болгоно.

bayarhuu-Тухайн айлын хашааг нүүлгэж, газрыг нь авна гэлгүйгээр хотхон болгоно гэсэн  үг үү?

-Тийм. Иргэдийн хувийн эзэмшлийн хашаанаас бага зэрэг хэсгийг татаж, нийтийн эзэмшлийн талбай болон зам болгох юм. “Сервис центр” бий болгох газар авна. Энэ иргэдийн хашаанаас авсан хэсэг газар нь нийтийн эзэмшлийн талбай болон тоглоомын талбай, спорт талбай, ногоон байгууламж байгуулах саад гаргаж авна. Ингэж иргэд  маань хоршиж инженерийн дэд бүтцийн байгууламжаа татаад байгаа газартаа өөрсдийн амьдрах орчноо сайжруулах юм. Яагаад гэхээр гэр хорооллын иргэд зундаа маш их шалбааг дунд, өвөлдөө их утаа үнсэн дунд амьдарч байна. Мөн амьдрахад аюулгүй орчин тэр газарт дутагдаж байна. Мөн хүүхдүүд тоглох нарлах талбайгүй байна. Одоо алийн болгон ингэж амьдрах вэ дээ. Бидний зүгээс ямар ч байсан энэ “Сервис центр”-ийг хамгийн дээд цэгт нь байж болох хэмжээнд тултал байгуулна. Ямар ч байсан гэр хорооллын ирээдүйн хөгжил энэ юм байна гэдгийг харуулах юм. Ингэж л дэд бүтцээ хөгжүүлэх юм бол хөрсний бохирдол агаарын бохирдлоос 100% сална.

-Тухайн айлын орчимд “Сервис центр” ашиглалтад орлоо гэхэд айл өрхөөс ямар бэлтгэл хангасан байх ёстой юм бэ?

-Нэгдүгээрт тухайн айл өөрийн гэрийнхээ дулаан алдагдлыг бүрэн хариуцах ёстой. Мөн өөрийн эзэмшлийн газраасаа нийтийн эзэмшилд тодорхой хэмжээнд хорших хэлбэрээр өгнө гэж ойлгох хэрэгтэй. Гэхдээ магадгүй тухайн айлаас газар авахгүй ч байж болно шүү дээ. Мөн тэнд амьдарч байгаа иргэн маань дэд бүтэц бүрэн шийдэх учраас зуух тавихгүй, гал галлахгүй, гэр барихгүй гэсэн үг.

Гэхдээ зуны цагт гэр барьж болох ч гал түлэхгүй. Харин өвөл гэр барихгүй гэсэн үг. Түүнчлэн та эдийн засгийн хувьд сар бүр өвлийн улиралд 120 мянга, зуны улиралд 60 мянган төгрөг төлж чадах уу?. Яагаад гэхээр энэхүү төлбөр нь цэвэр ус, бохирын шугам, дулаан гэх мэтчилэн зарцуулна. Ингээд тухайн айл өрхүүдэд тодорхой хэмжээний нөхцөлүүдийг тавина. Тэгээд тухайн хэсгийн айлууд хүлээн зөвшөөрч байх юм бол дэд бүтцэд холбогдох юм.

-Иймэрхүү байдлаар Нийслэлд “Сервис центр” хэдийг барих боломжтой байна вэ?

-Одоогийн байдлаар манай тооцооллоор нийтдээ 50 “Сервис центр” баригдахаар зураг төсөл батлагдчихсан байна. Зураг төсөл батлагдчихсан учраас бэлтгэл ажил бүрэн хийгдэж байна. Гэр хорооллын зарим хэсгээр цахилгаан хүчдэл хүрэхгүй. Тийм учраас сайжруулсан түлш хэрэглэхээс өөр арга байхгүй. Гэхдээ бид дэд бүтцэд холбох боломжгүй гэр хорооллын хэсгүүдэд ирэх дөрвөн жил цахилгаанаар халдаг байх, дэд бүтцийн төв байгуулах тал дээр ажиллана. Цаашид хойшид тэлж явна.

bayarhuu

-Ирэх 11 сард ашиглалтад орох “Сервис центр”-ийн барилгын ажил хэдэн хувьтай явагдаж байна вэ?

-Бид одоогоор иргэдтэйгээ бүрэн зөвшилцөөд зохицсон байгаа. Одоо бол техник эдийн засгийн үндэслэлээ гаргачихсан. Тэр хэсгийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө буюу зургийн төлөвлөгөө гарчихсан явж байна. Ингээд дөрвөн сарын 15-ны өдрөөс эхлэн бид барилгын ажилдаа шууд орно. Тэгээд 11 сард эхний “Сервис центр”ээ хүлээлгэж өгнө.

-“Сервис центр” гэр хорооллыг төвийн дулаанд холбох юм байна. Өөр давуу тал юу байна?

-Тухайн айл өөрийн газартаа хаус барина уу, хотхон барина уу өөрийн мэдлийн асуудал. Яагаад гэхээр тэр газар тухайн айлын л газар шүү дээ. Мөн бид энэхүү “Сервис центр” барьж байгаа газруудад байгаа айлуудыг ипотекийн зээлд хамруулъя гэдэг асуудлыг Барилга хот байгуулалтын яам, Монгол банкинд яриад үндсэндээ  тохиролцоонд хүрчихсэн явж байна. Энэ ажил албажих юм бол цаашид ямар ч саадгүй явна. Тэгэхээр үүн дээр та өөрөө хаус бариад ипотекийн зээлд хамруулаад амьдрах боломжтой болж байгаа юм. Тэгэхээр өөрийн эзэмшил газартай, өөрийн хаустай, дулаан, цэвэр устай, халаалттай тохилог амьдрах бүрэн боломжтой.

-Гэр хорооллын айл өрх газраа чөлөөлөхгүйгээр байранд байгаа мэт амьдарч болох боломжтой болох нээ?

-Тийм. Одоо байгаа газартаа өөрийн хаус бариад амьдрах боломжтой. Тухайн өөрийн газраа ямар ч чөлөөлөх шаардлагагүй. Тэндээ байшин бариад юм уу, хаус бариад амьдрах боломжийг бүрдүүлж байгаа юм.
-Төвийн инженерийн төвийн шугам татах ажлын төсвийг улсаас бүрэн гаргаж байгаа гэж ойлгох уу?

-Ер нь бол бид нар иргэдээс ямар ч төсөв мөнгөө харж байгаад болж өгвөл тухайн айл бүр лүү төвийн шугамаа татах боломжийг бүрдүүлэхээр ажиллана. Хотын дарга бол зөвхөн төвийн шугамаа аваачих хэрэгтэй гээд байгаа юм. Харин бид нар бол хавиргалж татах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа юм. Гэхдээ энэхүү ажлын төсөв мөнгө хүрэлцэхүйц байвал айл бүр лүү татна. Харин бага зэрэг дутах юм бол иргэдээс тодорхой хэмжээний хандив авна. Ингэхдээ гэр лүү оруулахын тулд бага зэрэг хандив авч магадгүй гэж ойлгож болно.

bayarhuu

-Иргэд энэхүү ажлыг хэрхэн хүлээж авч байна вэ. Санал шүүмжлэлийг хэр тусган авч, ажиллаж байна?

-Иргэдэд санал тавихад 99% хүлээн зөвшөөрч байна. Та ногоон байгууламжтай, саарал усаар нь нуур хийнэ. Мөн бүгдээрээ хашаанаасаа гарч ирээд нарлаад суух саадтай, тоглоомын талбайтай болгоод өгөхөөр хүн бүр дуртай байна шүү дээ. Нэгэнт бид нар энэ иргэдийнхээ аж амьдралыг сайжруулна гээд л гараад ирсэн хүмүүс шүү дээ. Ингэж л бодит ажил хийх юм бол утаа бол удахгүй байхгүй болно. Мөн автозам, хог, нийтийн тээвэр, хог, хөрсний бохирдол гээд бүх асуудал байна. Асуудлыг бид бага ч гэсэн цогцоор нь шийдэх юм бол шийдэл нь зөв байна гээд бүх нийтээрээ зөвшөөрөх юм бол хөрөнгө босгож болно шүү дээ.

-Эхний ээлжний “Сервис центр” ирэх 11 сард ашиглалтад орно. Харин дараагийн “Сервис центр” барих хугацаа хэр байх вэ?

-Бид ирэх 2019, 2020 онд барих “Сервис центр”-үүдээ бүгдийг нь төлөвлөчихсөн байгаа. Нэг “Сервис центр” барихад 6-7 сар болно гэж бодож бүх ажлаа төлөвлөчихсөн байна. 2020 он гэхэд Улаанбаатар хотод нийтдээ 100 “Сервис центр”-тэй болно. Иргэд зөвшөөрөөд төсөв санхүү асуудалгүй шийдэгдэх юм бол бүх ажил боломжтой.

-Төсвөө хэрхэн бүрдүүлж байна. Энэхүү “Сервис центр”–ийн төсвийг Нийслэлээс гаргаж байна уу. Засгаас гаргаж байна уу?

-Одоогийн байдлаар Нийслэлээс гаргаж байна. Нийтдээ 1012 тэрбум төгрөг гаргаж байна. Үүнийг мөн Засгийн газраас дэмжиж байгаа. Сүхбаатар дүүргийн 18-р хороонд Барилга хот байгуулалтын яам нэгийг хийнэ. Байгаль орчны яам дахин нэгийг хийнэ. Ингээд бид 2018 ондоо гурван “Сервис центр” буюу 1000 яндан, 1000 жорлонг байхгүй болгоё л гэж байгаа юм.

У.УРАНЦЭЦЭГ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.ЭНХТАЙВАН