Зар сурталчилгааны самбаруудыг цэгцлэх журмыг НИТХ-аар хэлэлцэн батална

2013-02-21 00:00:00

Одоогийн байдлаар Улаанбаатар хотод 274 байгууллага, аж ахуйн нэгжийн нийт 2180 орчим зар сурталчилгаа, мэдээллийн байгууламж байдаг байна. Харин нийслэлийн алслагдсан дүүрэг болох Налайх, Багануур, Багахангай дүүрэгт нийт 100 гаруй зар сурталчилгааны байгууламж байна.  Эдгээр зар сурталчилгаа, мэдээллийн байгууламж нь замын хөдөлгөөний аюулгүй байдалд  сөргөөр нөлөөлөхөөс гадна хотын өнгө үзэмжийг алдагдуулж байна гэж төрийн болон төрийн бус байгууллага, иргэд олон нийтээс гомдол, санал байнга ирдэг байна. Тиймээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт  гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журмыг шинэчлэн боловсруулжээ.

Энэхүү журмыг зар сурталчилгаа, мэдээллийн байгууламжийг нэг стандартад оруулж, замын хөдөлгөөний аюулгүй байдал, хотын өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлдөг байдлыг халж, цэгцлэх зорилгоор боловсруулсан гэж Захирагчийн ажлын албанаас мэдээлж байгаа юм.

Энэхүү журмаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгаа, мэдээллийн байгууламж байрлуулах, түүгээр дамжуулан зар сурталчилгаа түгээх үед нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж иргэдтэй үүсэх харилцааг зохицуулах бөгөөд журам нь 10 бүлэг, 2 хавсралтаас бүрдэж байгаа юм байна.

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журмаар сурталчилгааны байгууламж  гэж зар сурталчилгааг хэрэглэгч, үйлчлүүлэгчдэд хүргэх зорилгоор хийгдсэн график дизайны дүрслэл бүхий агуулгатай хэлбэр дүрс, эзэлхүүн байршлаараа ялгардаг байгууламжийг нэрлэж байгаа бол  мэдээллийн  зориулалттай бөгөөд байгууллага, аж ахуй н‎‎эгжийн нэр хаяг, үйл ажиллагааны чиглэл, цагийн хуваарь, байршил зэрэг мэдээлэл агуулсан байгууламжийг мэдээллийн байгууламж гэж үзнэ гэсэн байна. Мөн энэхүү шинэчилсэн журамд Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Алба нь “Гадна зар сурталчилгааны Зөвлөл”-тэй байна, дүүргийн Засаг Дарга нь “Гадна зар сурталчилгааны ажлын хэсэг”-тэй байна гэж тусгажээ. Гадна зар сурталчилгааны зөвлөл нь зар сурталчилгааны байгууламжийн стандарт хэмжээг тогтоох бөгөөд, НИТХ-аас байршлыг тогтоож, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас  дизайны загвар гаргаж, эдгээрийг үндэслэн Улаанбаатар хотын ерөнхий менежер батлахаар журамд тусгажээ. Мөн Улаанбаатар хотын төвийн гудамжуудад зарим төрлийн зар сурталчилгааны байгууламжийг хориглохоор журамлаж байгаагаас гадна тулгуурт болон гүүрэн байгууламжийг  байрлуулахыг хориглосон гудамж зам талбай, барилга байгууламжийн жагсаалтыг бий болгох юм байна. Мэдээллийн байгууламжийг баталсан загвартай болгож, албан газар, оффис, соёл урлаг, үзвэрийн газар, боловсролын байгууллага, банк санхүүгийн байгууллага, эрүүл мэндийн байгууллага, худалдаа үйлчилгээний төв, авто засварын үйлчилгээ гэх мэт чиглэлээр загвар тогтоохоор журамын төсөлд тусгасан байна.  Энэхүү журмын төслийг Нийслэлийн иргэний танхимд нээлттэй хэлэлцүүлэн олон нийтийн саналыг авсан бөгөөд  Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаан, НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болон НИТХ-ын хороодын хуралдаанаар хэлэлцүүлж холбогдох саналуудыг тусгасан байна. Энэхүү журмыг эцсийн байдлаар даваа гарагт болох НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэн батлах юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.