Гэмт хэргийн тоо өнгөрсөн жилийнхээс буурчээ

2013-02-18 00:00:00

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн  02 сарын 18-ны өдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд нийслэлийн Засаг даргын захирамжаар шинээр томилогдсон албан тушаалтнуудыг  нийслэлийн ЗДТГ-ын дарга  Ё.Гэрэлчулуун танилцууллаа. Нийслэлийн Засаг даргын захирамжаар Багахангай дүүргийн Засаг даргаар  С.Эрдэнэбаяр, Нийслэлийн Аялал жуулчлалын газрын даргаар Т.Баттулга, Улаанбаатар сангийн гүйцэтгэх захирлаар Ш.Одгэрэл, Нийслэлийн Соёл урлагийн газрын даргаар Б.Батцэнгэл, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын даргаар  Я.Байгальмаа нарыг   томилжээ.

Зөвлөөгөөний үеэр нийслэлийн өнгөрсөн 21 хоногийн нөхцөл байдлын талаар мэдээллийг НЦГ,НЗЦГ,НОБГ,НМХГ-ын удирдлагууд мэдээлэл өглөө. Сар шинийн баярын өдрүүдээр  НЦГ,НЗЦГ,НОБГ,НМХГ-ын албан хаагчид  өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан бөгөөд өнгөрсөн жилтэй харьцуулахад гэмт хэргийн гаралт болон гал түймэр,осол аваарын дуудлага буурсан үзүүлэлт гарсан гэдгийг албаныхан онцолсон юм.

Нийслэлийн цагдаагийн газарт  иргэдээс 5130 мэдээ, мэдээлэл ирснийг   шалгаж шийдвэрлэн, согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуйн нэгж байгууллага,үйлчилгээний газруудын цагийн хуваарьт хяналт тавин  ажиллажээ. Мөн иргэдийн мэдээллийн дагуу 01-01 УНА, 55-58 УБЗ, 77-79 УБТ, 13-13 УБЗ, 08-08 УНИ, 04-04 УНҮ, 11-12 УБТ, 22-88 УБВ, 58-88 УНҮ, 88-88 УБХ, 00-01 УБС, 22-22 УБЧ, 22-99 УБВ, 75-44 УНЭ гэсэн 14 давхардсан  дугаартай автомашинуудыг илрүүлэн шалгаж эхэлсэн байна. Харин Нийслэлийн онцгой байдлын газраас  өнгөрсөн хугацаанд гал түймрийн 137 удаагийн дуудлага ирсэн бөгөөд  86 нь буюу 62,8 хувь нь гэр хороололд, 51 нь буюу 37,2 хувь нь орон сууцанд гарсан галын  дуудлага байжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад  23.1 хувиар буурсан үзүүлэлт гэж Нийслэлийн онцгой байдлын газрын дарга мэдээллээ.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл сар шинийн баярын өмнөх өдрүүдэд болон баярын өдрүүдэд нийслэлийн цагдаагийн газар, замын цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн  үүргээ сайн биелүүлсэн гэдгийг  онцлоод,  баярын өмнөх долоо хоногт түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлсэн ажил үр дүнтэй болсныг тэмдэглэн хэлсэн юм. Мөн  нэгдүгээр эгнээг тусгаарласан шонг дайрч эвдэх нь хэвийн үзэгдэл болоод байгаа учир нийслэлээс олон сая төгрөгийг зарцуулсан энэ ажилд хариуцлагатай хандаж, дүрэм зөрчсөн жолооч нарт торгууль ногдуулахыг үүрэг болголоо. Улаанбаатар хотод байгаа төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллагын гадна хаяг, зар сурталчилгааг монгол крилл бичгээр болгох ажлыг энэ оны 1 дүгээр улиралд багтаан гүйцэтгэх, Налайх дүүрэгт хувиараа нүүрс олборлож байгаад ажилгүй болсон иргэдийг хөдөлмөр эрхлэлтийн сургалтад хамруулж, ажлын байраар хангах арга хэмжээг Налайх дүүргийн ЗДТГ, салбарын яамтай хамтран хэрэгжүүлэхийг  холбогдох газруудад  үүрэг болголоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.