Б.Батбаяр: Халаалтыг цаг хугацаандаа өгнө

2017-09-06 09:37:27

Улаанбаатар Дулааны шугам сүлжээний газрын ерөнхий инженер Б.Батбаяраас зарим зүйлийг тодрууллаа.

-Есдүгээр сарын 15-наас айл өрхийн халаалтыг өгөхөд бэлтгэл хангагдсан уу?

-Бэлтгэл 97 хувьтай байна. Энэ жилийн тухайд Улаанбаатар хотыг дулааны шугам сүлжээний байрлал онцлогоос хамаарч 12 хэсэгт хувааж хэрэглээний халуун ус хязгаарлаж засвараа хийхээр төлөвлөсөн. Одоогийн байдлаар 11 дэх хязгаарлалт буюу зогсолт хийж засварын ажлыг хийж дуусаад хэрэглээний халуун усаа саадгүй өгч байна. Энэ сарын 4-нд хамгийн сүүлчийн 12 дахь хязгаарлалтаа Бага тойргийн орчимд хийсэн. Засварын ажил 4-5 хоног үргэлжлээд 9-нд дуусна.

-Хэчнээн төгрөгийн засварын ажил хийсэн бэ?

-Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Таван шар” хорооллын дулааны шугам сүлжээнд 14 хоногийн хугацаатай засварын ажил хийгдэж энэ сарын 5-нд дуусаж эхний хэсгийн хэрэглэгчид халуун усаа авч эхлээд байна.

Дарааллаад энэ сарын 9 гэхэд бүгд авч дуусна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар таван тэрбум 400 сая төгрөгийн засварын ажил хийсэн. Манайх өөрөө их засварын ажилд долоон тэрбум төгрөг зарцуулаад байна.

-Энэ зуны тухайд хэрэглээний халуун усны хязгаарлалт цөөн хоногт үргэлжлэх болсон. Өмнө нь олон хоногоор тасардаг байсан санагдана?

-12 хэсэгт зогсолт, хязгаарлалт хийхдээ нэг газар 4-5 хоногт багтааж засвараа хийхээр шахуу байдалд зохион байгуулалтын арга хэмжээ авч ажилласан. Харин наймдугаар сард бороо их орсноос болж зарим газар хугацаанаасаа хойшлох тохиолдол гарсан.

-Засварын ажилтай холбоотой гомдол гарсан уу?

-Одоогоор гараагүй байна. Хэрэв халуун, хүйтэн ус тасалдах тохиолдол гарвал манай 7004-7005 утсанд хандаж мэдээлэл өгөх хэрэгтэй. Засвар хийгдсэнтэй холбоотой зарим газар халуун хүйтэн усны тохиргоо алдагдахыг үгүйсгэхгүй.